Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа өгөөрэй

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа билээ. 1999 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөж буй “Хөдөлмөрийн тухай” хуулиар талуудын  хоорондын тэгш байдлыг хангах харилцааг зохицуулдаг. Харин одоогийн мөрдөж буй хууль нь өнөөгийн хөдөлмөрийн харилцаанд төдийлөн нийцэхгүй хуучирсан тул шинэчилэхээр ийн төсөл боловсруулж байна. Ажилтан, ажил олгогч та ч үүнд саналаа өгөөрэй.

Ингэхдээ http://www.mswl.gov.mn/index.php/mn/news/2010-05-10-14-58-11/1303-sanallabour.html дарж, саналаа бичээрэй.

Одоогийн байдлаар иргэдийн зүгээр дараах саналуудыг ирсэн байгааг сонирхуулъя.

Г,Доржсүрэн: Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1. Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг ажил олгогч өөрийн олон охин компанийн ажлыг үнэ хөлсгүй хийлгэх боломж олгож байна Илүү цагийн нэмэгдэл гэдэг ойлголт томоохон 300 хүнээс дээш компаниудад хэрэгжиж байгаа болохоос жижиг дунд компанид байхгүй Тиймээс тэдэнд таарсан заалт гаргах хэрэгтэй Бас түр ажил нэрээр хөлсгүй ажилладаг Иргэд энэ талаар гомдол гаргахаас түвэгшээдэг,

Гантөгс: Бидний өнөөгийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хууль нь төр болон захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдад мөрдөгдөж, илүүтэй хэрэгжиж байгаа харагддаг. Нийгмийг цаашдаа хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд авч явах нь тодорхой. Гэтэл өнөөгийн бодит байдал дээр хувийн байгууллагуудад хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт хангалтгүй, илүү цагийн хөлч олгодоггүй, жирэмсний болон төрсний дараах хөдөлмөрийн цагийн хөнгөлөлтийг эдлүүлдэггүй, хүний эрхийг зөрчдөг гэх зэргээр тоочоод байвал олон зүйл байна. Иймд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтээр хувийн хэвшил, бизнесийн салбарын ажиллагсдын эрхийг бодитойгоор хамгаалах, ажил олгогчдад тавих шаардлага, хариуцлагыг тодорхой тусгасан заалтуудыг оруулж өгөх шаардлагатай байна,

Болормаа: Ажилчдыг ажилд аваад доод тал нь 2 сар байлгаж цалинжуулах хэрэгтэй тэгэхгүй Туршилтын хугацаа, туршилтын цалин гэж 1-2 орон тоон дээр 5-6 хүн ажиллуулж байгаад дараа нь та тэнцсэнгүй гээд явуулж байна Бүүр хөдөлмөр хөлсийн доод хэмжээнээс бага туршилтын мөнгийг нь өгөхгүй тохиолдол надад Гацуурт компани дээр ажиллаж байхад гарсан. Ер нь Гацуурт мэтийн компаниуд салбарынхаа ажилчдын цалингаас бага цалингаар ажиллуулж, илүү цаг бодохгүй, хагас сайн өдөр ажиллуулдаг компаниуд монголд олон байгаа. Тэгсэн мөртөө захирал нь энэ тэр бөхөд хандив зодог суудаг үнэ хаялцуулан авна. Энэ талаар уурхайн салбарынхан сайн мэднэ. Ер нь хөдөлмөрийн хөлснөөс доогуур тогтоосон ийм компаниудад хуримтлал ихтэй байдаг нь Гацуурт компани Махны үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх мөнгөө олоход их тус болж байна. Үйлдвэрчний эвлэлүүд гэж ийм зэргийн нэр нь тодорсон компаниудад байхгүй. Ямар ч байсан Гацуурт олборлодог алт, тариалдаг улаан буудай, экспортын махны үнэ нь өсөөд байхад ажилчдын цалингаа нэмдэггүй, ажилчид нь дарамттай байдаг нь хуулиар энэ талаар гаднаас хянах арга зүйл ангийг оруулах хэрэгтэй.

Ж.Үнэнбат: Жижиг, дунд компанийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн (ХБИ) талаар хуулийг мөрдөлтөнд хөдөлмөрийн байцаагч, НД-ийн холбогдох ажилтанууд тун хангалтгүй ажиллаж байна. Ажилд анх орсон, дөнгөж сургууль төгсөн залуучуудад хөдөлмөрийн гэрээ, НДШ-ийн талаар сайн ойлголт өгөхгүй бол 3-4 жил ажиллахдаа НДШ төлөх, хамтын гэрээний хангамж давуу талаа мэдэхгүйгээс ажлаас гарсны дараа НДШ-ээ асууж хуучин байгууллага руугаа очиход хөдөлмөрийн гэрээгүй, заавал даатгалд хамраагүй, гэрээт байдлаар ажиллуулж байсан гэх зэргээр хохироох нь их түгээмэл байна. Ажил олгогчид энэ аргад маш мэргэшсэн байдаг. ХБИргэд улсаас тэтгэвэр тэтгэмж авдаг тулдаа хэл ам бага байгаа болохоос энэ хангамжаасасс салах юм бол жинхэнэ хөдөлмөрийн тэгш байдлын маргаан гарна. Нэг ХБИргэн оршин суугаа дүүргээсээ өөр дүүргийн (Баянгол) нийгмийн халамжийн төвөөс ажлын зар асуух гэж очтол өөрийн дүүрэг рүүгээ оч гээд хөөсөн байна. Ингэж ХБИ-ийг дүүргээр нь ялгаварлаж болохгүй. Төрийн байгууллага ингэж байгаа бас дахиад ажил олох маш хэцүү учир хувийнх бол ажил дээрээ чамайг хална гэж дарамтладаг. Ер нь жижиг дунд ажил олгогч хэзээч хөдөлмөрийн хуулиар харилцааг зохицуулах сонирхолгүй, зохицуулах гэхээр ашиг нь багасах гээд хэцүү. Хөдөлмөрийн асуудлыг хөдөлмөрийн байцаагч нар мөрдүүлээд явна гэдэг бас шал худлаа. Байцаагчийн тоог нэмлээ гээд төсвийн дарамт бас хэдэн азтай хүн төрийн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийх боломжийг олгоно. Автобус, үнийн өсөлт зэрэг хөдөлмөрийн маргаанаас тэс өөр макро зүйл ярьдаг том бүтэцтэй Үйлдвэрчний эвлэлийн оронд жижиг болон дунд компаниудын ажилтнуудад чиглэгдсэн Салбар, ХБИ, тухайн байгууллага гэх мэт нийтлэг зүйлээр ажилчдыг хамгаалдаг ТТБ, хуулийн зүйн компаниудыг дэмжих замаар, бас шүүх дээр дагнасан байдлаар ажилладаг байх. Дэмжинэ гээд татвар хөнгөлөх, урамшуулал, хөнгөлөлт зэргээр мөнгө луйварлах санаачлага байх ёсгүй.

Гэх мэт хөдөлмөрийн харилцаанд оролцогчид одоогийн мөрдөж буй хуулийг шинэчилэхэд ямар өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой вэ тухай саналаа өгчээ.


Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж