Нигерийн байгалийг нөхөн сэргээхэд 30 жил шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Нигерийн байгалийг нөхөн сэргээхэд 30 жил шаардлагатай

Газрын тос олборлолтын улмаас сүйдсэн байгалийг нөхөн сэргээхэд маш хүндрэлтэй бөгөөд цаг хугацаа их шаарддаг болохын жишээг Нигер улс бодитоор харуулж байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн тайланд дурьдсанаар Нигерийн Делта мужид сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд тасралтгүй газрын тос олборлож байгаа ба өнөөдөр ашигт малтмалын олборлолт хийсэн газрууд дахин сэргэх аргагүй болтлоо бохирдож, бохирдлын хэмжээ урьдчилан таамаглаж байснаас хэд дахин өндөр үзүүлэлттэй гарчээ.

Нигерийн засгийн газрын захирамжаар, уг мужид олборлолт явуулдаг газрын тосны акул Шеллийн санхүүжилтээр явуулсан судалгааны тайланд бичсэнээр Нигерийн бохирдсон бүс нутгийг цэвэрлэж, нөхөн сэргээхийн тулд дор хаяж нэг тэрбум ам.долларын хөрөнгөөр түүхэнд хамгийн томд тооцогдох цэвэрлэгээг хийх хэрэгтэй бөгөөд нөхөн сэргээлтэнд 30 орчим жилийн хугацаа шаардлагатай гэсэн байна.

Дэлхийн хамгийн чийглэг бүс нутгуудын нэг Нигерийн Делта муж нь ой мод ихтэй, гол ус нь загас жараахай элбэгтэй байсан ч газрын тос олборлох зорилгоор өрөмдлөг явуулж, 6,800 гаруй цооног үүсгэсний дараа уг муж дэлхийн хамгийн их бохирдолтой, сүйдсэн газар нутгуудын тоонд зүй ёсоор тооцогдох болжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын Булангийн эргийн Нигер оронд нүүрлэсэн мөхөл сүүлийн жилүүдэд хэний ч анхаарлыг татаагүй байна. Эмнести интернэшнлээс Делта мужид нүүрлэсэн бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судалж, сүүлийн хагас зуунд жил бүр Экзон Валдезын гамшигтай дүйцэх хэмжээний гамшиг Делтад нүүрлэж байгааг олж тогтоожээ. Делта мужийн иргэдийн нэлээд хэсэг нь загасчилж хүнс хоолоо залгуулдаг тул Делтагийн амьдрал ой мод, гол горхиноос бүрэн хамааралтай гэж хэлж болно.

Өнгөрсөн жилүүдэд Шелл компанийг Нигерт маш их хэмжээний хохирол учруулсныг батлах олон баримт илэрсэн ч тус компани олон улсын стандартыг хангаж ажилладаг нэрээрээ түрий барьж, буруугаа бусдад нялзаахыг оролддог байжээ. Харин пүрэв гаригт хийсэн НҮБ-аас хийсэн мэдэгдлийг Шелл хүлээн зөвшөөрч, 4,000 баррель нефтийн асгарлын бохирдлыг цэвэрлэх үүрэг хүлээсэн байна. Гэхдээ Шелл компани бүх хариуцлагыг ганцхан компанид тохож байгаа Нигерийн засгийн газрыг шүүмжилж, өөр бусад хууль бус газрын тос олборлогчдод ч хариуцлага тооцох ёстой гэжээ.

Эмнестигийн 2009 оны тайланд Делта мужид сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд нийтдээ есөөс 13 сая баррель нефть асгарсан талаар бичсэн байна.
Харин НҮБ-ын судалгааны тайланд дурьдсан зарим нэг жишээг дурьдвал:
– Делта мужийн зарим хэсэгт газрын өнгөн хөрс гэмтээгүй мэт боловч гүндээ маш их бохирдолтой байна
– Огони мужийн наад зах нь 10 сууринд ус дээд хэмжээнд хүртлээ бохирдож, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна
– Нисисиокен Огале дахь нэгэн суурин бензол, карцерогенд бохирдсон усыг ундандаа хэрэглэж байна. Энэ нь ундны усны эрүүл ахуйн дундаж шаардлагаас 900 дахин бохир байгаа аж.

НҮБ-ын тайланд Делтагийн бохирдол дунд зэрэгтэй байгаа газар нутгийг таван жилийн дотор цэвэрлэх боломжтой гэсэн бол гүн бохирдсон газар нутгийг цэвэрлэхэд 30 жил шаардлагатай гэжээ. Цэвэрлэгээний ажил эхлэхээс өмнө нефтийн алдагдлыг бүрэн зогсоох ёстой юм байна.
Видеог энд дарж үзнэ үү


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж