Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч …

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч …

Машинаар ирсэн зочноо 100 милльтэй хурдан явж ирэв үү гэж угтдаггүй, эхлээд “Сайн явж ирэв үү” мэндэлдэг монголчуудын бэлгэдлийн дүрмээр “Та сайхан наадав уу” гэж уншигч тантай мэндчилье.

Та, намайг сайхан наадав уу гэж хариу асууж байна уу? Би танд хариулъя. Би үзэх юмтай, ярих юмтай сайхан наадлаа. Миний өвөө гурван төрийн нүүр үзсэн бол би сумын заан цолтой гурван залуу Өвөрхангай, Дархан-Уул аймагт Улсын заан цолтонуудыг хаяж аймгийн начин болохыг үзлээ. Бас,

ЦОЛ, НААДАМЧДАА ХҮНДЭЛСЭН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН ҮЗЛЭЭ

Дорноговь 80 жил, Говьсүмбэр аймгийн 20 жилийн ойн наадмууд сайхан боллоо. Энэ жилийн Улсын наадмын шинэ харцага А.Цацабшир Шанддаа, ах дүү алдарт аварга Намхай, Лувсанжамбаа нарын тав дахь үеийн бөх Д.Азжаргал арслан төрсөн нутаг Сүм­бэртээ тус тус түрүүлэн аймгийн наад­маа авч Дорнын говийнхноо баярлууллаа.

Дундговь аймгийн 70 жилийн ойн наадам сайхан боллоо. Өнөө жил бороо хуртай, нут­гийн зоо тэнийсэн дэлгэр сайхан зуншлагатай байгаа нь дуу хуурын өлгий Дундговийнхныг төвшин сайхан наадахад баяр дээр баяр нэмсэн явдал байв. 256 хүчтэнээс нутгийн хоёр бөх тэргүүн байрын төлөө шалгаран, аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлж Улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэв. Дундговийн уяачид нь ч одтой сайн наадаж азарга, хязаалан, шүдлэн насны уралдаанд хурдан морьдоо түрүүлгэлээ.

Дээр нь Дундговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Өлзийт сумын уугуул “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү наад­мын тэргүүн бөх, зургаан насны хурдан морины түрүү магнайг “Ланд Круйзер-200” машинаар байллаа. Уясан эзэн, унасан хүүхдүүд нь дахин баярлахыг үзлээ.


ГАРЬД ЦОЛНЫ БОЛЗОЛ БИЕЛҮҮЛЭХЭД АРСЛАН ЦОЛ ОЛГОХЫГ ҮЗЛЭЭ

Аймгийн наадамд анх удаа 512 бөх барилдахыг үзлээ.

Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадмын 512 бөхөөс Улсын арслан Д.Ганхуяг 9 даван түрүүлж, аймгийн начин Ц.Чимэддорж 8 даван үзүүрлэж аймгийн гарьд цолны болзол биелүүллээ. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нь Үндэсний их баяр наадмын хуулийн 13.1.2-т заасан “баяр наадамд үзүүл­сэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр аймгийн цол олгох, хүчингүй болгох” заалтыг зөрчиж, найм давсан амжилтыг үндэслэл болголгүй ес давсан мэтээр тооцож Хужирт сумын харьяат Ц.Чимэддоржид аймгийн арслан цол олголоо. Засаг дарга үзүүрлэсэн бөх нь түрүү бөх Д.Ганхуяг арсланг даган ес дэх удаагаа тугаа тойрсныг ес давлаа хэмээн андуурсан байх.

Ховд аймгийн наадамд бас 512 бөх барилдлаа. Дээрх хоёр аймагт бөхийн тоог 512-т хүргэхийн тулд 52 залуу бөхийн талыг нь дахин нэг удаа барилдуулж, талыг нь нэгийн даваанд барилдуулалгүй гоц мөр­гүүлэхийг үзлээ.

Ховдын наадамд аймгийн харцага О.Ган­тулга 9 даван түрүүлж аймгийн арслан цолны, аймгийн харцага З.Соёмбо 8 даван үзүүрлэж аймгийн гарьд цолны болзол хангалаа. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа мөн л хуулийн заалт барилгүй түрүүлсэн бөхөд аймгийн хурц арслан цол, үзүүрлэсэн бөхөд аймгийн арслан цол олголоо. Аймгийн хурц арслан гэсэн цол Монгол бөхөд урьд өмнө огт байгаагүй, одоо ч байхгүй бөгөөд хурц гэсэн үг зүгээр л чимэг. Дүрмээрээ бол наадмын түрүү бөх, Увс аймгийн Малчин сумын харьяат О.Гантулга нь аймгийн арслан, үзүүр бөх Ховд аймгийн уугуул З.Соёмбо нь аймгийн гарьд болсон байлаа. З.Соёмбо нь УИХ-ын гишүүн Д.Загджавын хүү бөгөөд аавыгаа наадмын талбайд ойрхон байхад маш сайн барилддагаараа алдартай бөх өө. Д.Загджав нь, хүүгээ аймагтаа тэр жил аймгийн начин цол авахад, энэ жил Дархан-Уул аймагт харцага цолонд хүрэхэд, сая гарди цол хүртэхэд наадмын зүлэг ногоон дэвжээнд тун ойрхон байж  зааж зөвлөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн нь ач холбог­долтой болж үр дүнгээ өглөө.

Харин Үндэсний их баяр наадмын хуулийг хамгаалах ТББ-аас Засаг дарга Д.Тогтох­сүрэн, Г.Нямдаваа нарт доорхи шаардлага хүргүүлэхээр бэлэн болгосныг үзлээ. Үүнд,

-Аймгийн наадмаар буруу олгосон “айм­гийн арслан, аймгийн хурц арслан”-гийн цолны үнэмлэхийг хуулийн 13.12-т заасан “…аймгийн цол…хүчингүй болгох”-ын дагуу хурааж авах,

-Аймгийн наадамд 9 даван түрүүлсэн О.Гантулгад шинээр “аймгийн арслан”, 8 давж үзүүрлэсэн Ц.Чимэддорж, З.Соёмбо нарт шинээр “аймгийн гарди” цол олгох зэрэг зүйл орсон байна.


НУТГААСАА БӨХ ТӨРҮҮЛНЭ ГЭЖ ӨӨР АЙМГИЙНХНЫГ БАРИЛДУУЛАХГҮЙ НААДАМЛАЖ БАЙГААГ ҮЗЛЭЭ

Дорнодынхон аймгийнхаа 80 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахдаа зүүн бүсийн даншиг наадам гэдэг утгаар нь өөр аймаг сумын уяачдыг хурдан морио урал­дуулахад хязгаарлалт хийгээгүй байна. Харин бөхийн барилдаанд бусад аймаг сумын хүчтэнүүдийг зодоглуулахгүй гэсэн хориг тавьж наадамлаж байгааг үзлээ.

Нийт 256 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт сумын заан цолтой хоёр сайхан залуу үлдэж байна лээ. Цагаан-Овоо сумын заан Г.Түмэн­жаргал нь үзүүр түрүүнд Улсын начин Ж.Гансүхийг орхин түрүүлж аймгийн арслан боллоо. Баяндун сумын заан Э.Батжаргал нь шинээр аймгийн харцага цол хүртлээ. Г.Эрхэмбаяр, Ш.Нямсайхан, Батжаргал нарын сумын заанууд шөвгийн наймд шалгаран аймгийн начин боллоо.

Дорнодынхон, бусад аймгийн бөхчүүдийг барилдуулаагүйн үр дүнд манай аймгийн олон залуус аймгийн цолонд хүрлээ гэж хөөрцөглөж байхыг үзлээ. Энэ ч бахархаад байх зөв зар­чим биш гэж надад бодогдож байлаа.

Зөвхөн өөрийн аймгийн бөхийг барил­дуулах санаачилгыг анхлан Дорнодынхон бус Монголын анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн дарга нар сэдсэн юм байна. Булганы­хан өнгөрсөн долдугаар сарын 8, 9-нд аймгийн наадмаа хийсэн бөгөөд Асашёорюү их аварга “АСА” группийн бөх Ц.Чимэддоржоо дагуулан очиж наадамд барилдуулах гэтэл Булганы харьяат биш гэж бүртгээгүй ажээ. Ц.Чимид­дорж нь сүмогийн 68 дахь их аваргын нутаг-Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат.

Уул нь Монгол Улсын нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж явсан, монгол түмний бахархал болсон хийморьтой энэ монгол эрийг Төв асрынхаа хойморт урин суулгасан шиг наадамласан бол бас л бахархалтай сайхан бус уу. Нутгийн бөхөө барилдуулах гээд бүртгүүлж чадаагүй их аварга аргагүйн эрхэнд Дархан-Уул аймгийг зорьсон байна. Асашёорюү Дагвадорж эхнээсээ Дарханы наадмыг зоривол болох л байж. Булган нутгийг анх­дагчдын өлгий гэж хүндэлж аймгийн наадамд очсон  нь энэ.

Тэрээр Булганы зон олонд гомдоогүй, харин Монголын бахархал байж үзээгүй, бахархал болсон хүмүүсийг хэрхэн хүндэтгэх ёс мэдэхгүй, дэндүү гэхэд даанч дэндүү жижигхэн дарга нарт сэтгэл нь хөрсөн байна. Асашёорюү Дагвадорж наадмын төв микро­фоноор  “Би Булган нутгийг анхдагчдын өлгий, хийморьтой сайхан нутаг гэж зорьж ирсэн юм аа. Аваргын чинь барилдуулахаар авчирсан бөхийг бүртгэхгүй байна, дарга нар чинь” гэж хэлээд нөгөө л гэгэлгэн цайлган зангаараа “Булганчуудаа, та бүхэнд би хайртай шүү. Сайхан наадаарай” гэж наадамчдын сэтгэл өмрүүлэн ерөөл тавиад гарч одсон байна лээ.

Бөхчүүдийг төрсөн аймаг сумаар нь албан ёсоор ялгаварлаж эхэлсний анхдагчаар Булган аймгийн дарга нар ийнхүү тодорлоо. “Будлиантай, будаан дээрээ зодоонтой” гэдэг дээр, бусад аймгийн бөхчүүдийг наадамдаа барилдуулдаггүй гэсэн тааруухан шошго Булганы ард түмэнд зүүх хэрэг юусан билээ, дарга нараа. Нөгөөтэйгүүр хүний эрх, барил­дах эрх гээд олон эрх зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэж байгаа биз дээ?

 Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч нэг л мэдэхэд алдарт дуучин Норовбанзадын “Уяхан замбуутивийн наран дор энэхэн дэлхий даяахнаараа” хэмээх шуранхай хадаж, дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхэлнэ дээ.

Б.ЕРЭНТЭЙ

"Үндэсний шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж