Сомалийн өлсгөлөн улам тэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Сомалийн өлсгөлөн улам тэлж байна

Сомалийн гурван муж тэр дундаа нийслэл Могадишу хот өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай НҮБ-аас лхагва гаригт мэдээллээ. Могадишу хотын Афгоей гудам болон хотын баруун хэсгийн Шабелийн бүс нутаг өлсгөлөнгийн байдалтай болсон ба нийслэл хотод өлсгөлөн нэвтэрсэн гол шалтгаан нь бөөн бөөнөөрөө нийслэл хотыг зорьж байгаа хүмүүстэй холбоотой юм.

НҮБ-аас өнгөрсөн зургадугаар сард Сомалийн өмнөд хэсгийн хоёр мужид өлсгөлөнгийн онц байдал зарласан. Өлсгөлөнд хүргэсэн гол шалтгаан нь Африкийн баруун хойд эврийн мужуудад нүүрлээд байгаа ган гачгаас үүдэлтэй бөгөөд дээрх мужуудад12 сая хүн өлсгөлөн хоол тэжээлийн дутагдалд оржээ.  

Гэсэн ч Могадишуд ноёрхлоо тогтоосон Сомалийн шилжилтийн засгийн газар болон Исламын тэмцэгч бүлгүүдийн хооронд өрнөж байгаа бослого тэмцэл Сомалид тусламж үзүүлэхийг зорьж байгаа агентлагуудын хүчин чармайлтыг талаар болгож байна. Хүн амын тэн хагас нь өлссөн Сомали улс хоол тэжээлийн дутагдлын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Сомалид 3,7 сая хүнд хоол тэжээл, эм эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй байгаагаас 1,3 сая нь бага насны хүүхдүүд байгаа ба тэдгээр хүүхдүүдийн 640 мянга нь хоол тэжээлийн архаг дутагдалд орсон байдалтай байна.

Харин дайны хажуугаар дажин гэгчээр өлсгөлөн зовлонтой зэрэгцээд Рамаданы сар эхэлсэн өдрөөс Аль Шабааб бүлэглэл Могадишуд бослого хөдөлгөөн зарлан явуулж байгаа тухай Африкийн Холбооноос мэдэгджээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж