Ким Чен Ирийн эмэгтэй дүү Москвад эмчлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн эмэгтэй дүү Москвад эмчлүүлжээ

Умард Солонгосын лидер Ким Чен Ирийн ганц эмэгтэй дүү, өдгөө 65 настай Ким Гён Хи нууцлаг байдлаар Москвад очиж нурууны эмчилгээ хийлгэсэн талаар Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мэдээлжээ. Хатагтай Ким Гён Хи нь армийн генерал цолтой, БНАСАУ-ын Хөдлмөрийн намын Хөнгөн үйлдвэрийн салбарыг толгойлдог, Хойд Солонгосын нөлөө бүхий хүний нэг юм байна.  Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын эхээр Москвад жуулчдын бүрэлдэхүүнд багтаж очсон гэнэ. Yonhap агентлагийн мэдээнд дурдсанаар Ким Гён Хи тэр үеэр бага зэрэг бөгтийж, алхаж явахдаа зүдэргээтэй харагдаж байжээ. “Хатагтай Ким нурууны архаг өвчнөө Москвад эмчлүүлсэн бололтой. Түүнийг бие хамгаалагч дагалдаж явсан” гэж мэдээнд бичсэн байна.

Уг эх сурвалжийн мэдээгээр цөөн хоногийн өмнө тэрбээр эх орондоо буцсан агаад одоо биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэлгүй байгаа аж.

Ким Гён Хи нь Хойд Солонгосын лидерийн албан ёсны залгамжлагч, армийн залуухан генерал Ким Чен Уны өрлөг эх юм байна. Ким Чен Ирийн гурав дахь эхнэр, балетын бүжигчин Ко Ён Хигээс Ким Чен Ун төрсөн бөгөөд Ко Ён Хи 2004 онд 51 насандаа өөд болжээ. Түүнээс хойш Ким Гён Хи хүүг өөр дээрээ авч өсгөсөн байна. Албан тушаалын эрэмбээр Ким Гён Хи нь Ким Чен Унаас дээгүүрт ордог хүн юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж