Хөрөнгө оруулалтаас гадна ирээдүйн боломжийг харуулахыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтаас гадна ирээдүйн боломжийг харуулахыг зорьж байна

Монголд зохиогддог уул уурхайн хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ “Дисковер Монголиа 2011” хурлыг ес дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын Зохион байгуулах хорооны гишүүн, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.  

Монголд хариуцлагатай, зөв оновчтой технологи нэвтрүүлсэн уул уурхайг хөгжүүлэх нь чухал. Үүнд “Дисковер Монголиа” хурал ач холбогдол өгч байгаа юу?

Хурлаар хариуцлагатай уул уурхайн зарчим, түүний шалгуур үзүүлэлт болон энэ үйлсийг ямар байдлаар төлөвшүүлэх чиглэлээр илтгэл тавигдана. Хариуцлагатай уул уурхайн найман зарчмын дотор ил тод байдлын санаачилга багтдаг. Монголд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын алба байгуулагдан, амжилттай ажиллаад хоёр гурван жил болж байна. Энэ талаар ч бас илтгэл тавигдах байх. Энэ нь яг хууль биш, санаачилга учраас шууд нэг мөр хэрэгжүүлэхэд хэцүү л дээ. Ялангуяа хариуцлагатай уул уурхай гэдэг их том асуудал. Стандарт, ёс суртахуун, бизнесийн ёс зүй, харилцааны шинжтэй тэдгээр найман зарчмыг соёл болгож төлөвшүүлэхэд урт удаан хугацаа шаарддаг. Хурлаар энэхүү үйл явц Монголд хэрхэн өрнөж байгааг, энэ ажлын хүрээнд хийж буй алхмуудыг олон нийтэд танилцуулах юм. Ийм талаасаа “Дисковер Монголиа” хурал тодорхой ач холбогдолтой.

Хурлаар технологийн асуудлыг хөндөж байгаа юу?

Технологи бол их өргөн хүрээтэй сэдэв. Тэр дундаа тоног төхөөрөмж хамгийн чухал. “Дисковер Монголиа” хурлын үзэсгэлэнгийн зарим хэсэг нь технологийн чиглэлийнх байдаг.
Бид энэ жил техник, технологийн салбар хуралдааныг зэрэгцүүлж хийх эрмэлзэлтэй байна. Зохион байгуулах хорооны хэмжээнд ийм санал дэвшүүлсэн юм. Гадны улс орнуудаас санал ирж байна. Тухайлбал германчууд өнгөрсөн жил энэ чиглэлээр нэлээд өргөн хүрээнд оролцох санал тавьсан. Германы хувьд 2012 онд яг энэ чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулж магадгүй юм билээ.
Бид техник, технологийн чиглэлд түлхүү анхаарч   байна. Тиймээс хөрөнгө оруулалтаас гадна дээрх чиглэлээр хурал зохион байгуулах ёстой.

Монголын эдийн засаг, уул уурхайн хөгжлийн галт тэрэг хөдөлчихсөн гэж хэлж болно. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо их байх болов уу. Харин “Дисковер Монголиа” аль аль талдаа ашигтай нөхцөл бүхий хөрөнгө оруулалтын “индэр” байж чадах уу?

Чадна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс л бид уг арга хэмжээг ес дэх жилдээ хийж байгаа  шүү дээ. Үүнээс гадна манайд маш олон хурал зохиогдох болсныг хүмүүс ажиглаж байгаа. Хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах  нь бизнес рүү чиглэх аястай боллоо.  Уул уурхайн салбарын аливаа хурал зохион байгуулах ажлыг бизнес гэж хардаг хүн олон боллоо. Иймээс маш олон хурал болж байна. Зургаан сарын дотор л гэхэд нүүрсний гурван хурал болж өнгөрлөө. Уул уурхайн хөгжлийг дагаад тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтээс гадна үүнийг нийтэд сурталчилж таниулах нь өөрөө бизнес болчихлоо. Энд өрсөлдөөн явагдаж байна. Би ингэж л харж байгаа. “Дисковер Монголиа” хурал анхнаасаа уул уурхайг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулах зорилготой талбар байсан.
Гэхдээ ашигтай ашиггүй гэдгийг хэлэхэд хэцүү. Харин шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг л бид хуралд оролцогчдод хүргэх ёстой. Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагч шийдвэр гаргана гэдэг нь түүнд ашигтай байгаа хэрэг болов уу.

Хурлаар голлон хэлэлцэх сэдэв, чиглэлийг тодруулахгүй юу?

Монгол хөрөнгө оруулагчдыг татаж буй нөхцөлд хаана ямар зах зээл байна вэ? Тэдгээрээс Монголд аль нь ойр байна вэ? Монголын ямар бүтээгдэхүүн нь зах зээлд илүү ойр   вэ гэсэн эдгээр асуудлыг шинжилсэн  судалгаануудыг хөндлөнгийн байгуулагуудаар тавиулах талаар бид түлхүү анхаарч байна. Түүнчлэн үнэ бүрдэлт, нийлүүлэлтийн асуудалд анхаарал хандуулна. Хятадын зах зээл манайх руу хандчихсан байна. Нөгөөтэйгүүр манайх Хятад руу гарах хамгийн ойрхон зах зээл. Тиймээс Хятадын зах зээлийн чиг баримжааг бид харах ёстой. Мөн  Зүүн Өмнөд болон Төв Азийн зах зээл рүү чиглэх болно. Эдгээр бүсэд чиглэдгийн учир нь дэлхийн чихийг Монгол дэлдийлгэчихээд буй энэ үед манайд хамгийн ойр хүмүүс эхлээд  биднийг зорих болно. Бид зах зээлээс гадна өрсөлдөгчдөө судлах хэрэгтэй. Нүүрсний хувьд  Солонгос, Хятад, Япон, Энэтхэг нь манай зах зээл. Харин Австрали, Индонез бол бидний өрсөлдөгч. Тиймээс эдгээр улс орны хөгжил, чиг хандлагад түлхүү анхаарсан судалгаа шинжилгээ, илтгэлийг хуралд оруулахад анхаарч байна.
Ерөнхийдөө бид хөрөнгө оруулалтаас гадна ирээдүйн боломжийг нь тод томруунаар харуулахыг зорьж байгаа. Мөн хариуцлагатай уул уурхай, өрсөлдөх чадвартай холбоотой  асуудлуудыг ч бас бодож төлөвлөж байна.  Уул уурхай нь нэг талаас Монголын хөгжлийн түлхүүр боловч  нөгөө талаас эдийн засагт хэтэрхий зонхилох байрыг эзэлбэл бусад салбараа цохиж унагах магадлал өндөр.  

Ямар шинэ сэдвүүд яригдах вэ? Ялангуяа түүхий эдийн хувьд?

“Дисковер Монголиа” хурал анх зохиогдох үеэс л зэс, алт анхаарлын төвд байсан. Дараа нь нүүрс маш хүчтэй орж ирсэн. Уран мөн адил. Гэхдээ Цөмийн эрчим хүчний тухай хуулиас болоод ураны асуудал зогслоо. Мөн газрын ховор элемент байна. Яг одоогоор үнэхээр том нөөц олчихоогүй байна. Энд тэнд нөөцүүд бий. Харин судалгаа их  хийгдэж байна. Манай газрын ховор элементийн салбарт гадаадын төрийн өмчтэй байгууллага нэлээд анхаарал хандуулж эхэллээ. Тиймээс энэ салбарт Засгийн газар хоорондын ойлголцол чухал болж байгаа юм. Хувийнх бол чөлөөтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар нэг Засгийн газраас хамаарах ёсгүй байсан юм. Тэр утгаараа уран, газрын ховор элементийн салбарын хөгжил удаашралтай байна.
Монголын хувьд дэд бүтэц хамгийн чухал. Нүүрс хамгийн чухал бүтээгдэхүүн болсон энэ үед дэд бүтцийн бодлого нь   хөгжлөөсөө хоцорчихсон. Энэ асуудлын шийдлийг сайтар ярилцах байх.

Хуралд оролцогчдод “Дисковер Монголиа” ямар боломжуудыг олгох вэ?

Боломж дуусахгүй. Өмнөх боломжуу­даас ч илүү том боломж бий болчихоод байна. Яагаад гэвэл зөвхөн төслүүдээс гадна ханган нийлүүлэлтийн бизнес маш том боломжийг монголчуудад олгох гэж байна шүү дээ. Монголчууд үүнд бэлдэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад мөрддөг түвшинд үйл ажиллагаа явуулах гэхээр Монголын компаниудын үзүүлж буй үйлчилгээ тэрхүү стандартад нийцэхгүй бол тэд нэр төр, компанийн соёлоо бодохоос аргагүй. Монгол компаниуд шаардлагад нь нийцэх ёстой. Үүний тулд бид сайн ажиллах ёстой. Тиймээс хамгийн том боломж манай дотоодын ханган нийлүүлэгчдэд олдож байгаа. Тэднийг оролцоосой гэж хүсч байна.
Үүнээс гадна газрын ховор элемент, нүүрсний гүнзгий боловсруулалтын чиглэлээр  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцоосой гэж бодож байна. Манайд хүрэн нүүрс   маш их ч зах зээл нь байхгүй. Нүүрсний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл их боломж бий. Түүнчлэн   лиценз эзэмшдэг дотоодын олон компани бий. Тэд эзэмшдэг ордынхоо талаар хөрөнгө оруулагч болон олон нийтэд зөв таниулах чадвар дутмаг байна. Хурал тэдэнд мөн боломж олгох болно.  
Гэхдээ бидний барьж буй бодлого илүү ерөнхий, хөгжлийн түвшний асуудлыг хэлэлцэх юм. Энэ арга хэмжээг бид Монголын, бүс нутгийн, дэлхийн түвшний асуудлыг хэлэлцдэг том хурал болгохыг зорьж ажилладаг. Олон улсын хурал учраас дэлхийн түвшний зүйлс Монголд, энэ арга хэмжээн дээр яригддаг байхыг бид хүсч байна.

Уул уурхайн   хүний нөөцийн асуудал манайд тулгамдаж байна?

Хүний нөөцийн асуудал үнэхээр чухал. Инженер техникийн ажилтнууд, техникийн дунд мэргэжилтнүүд, операторууд их хэрэгтэй. Иймд мэргэжилтэн бэлтгэх сургалтын бааз бий болгох хэрэгтэй байна. Энэ чиглэлээр байгууллагууд ч гэсэн хамтарч ажиллах ёстой.
Том хөгжлийг дагасан хүний нөөцийг одооноос бэлтгэж байж, хуульд заасан нийт ажилчдын 90 хувьд нь монголчуудыг ажиллуулах боломж бүрдэх юм. Дэвшилтэт техник технологи дээр ажиллаж чадах  боловсон хүчинтэй болох ёстой.

Хуралд төрийн байгууллагынхан оролцож байгаа юу?

Энэ удаагийн хурлын албан ёсны дэмжигчээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмалын газар оролцоно. Мөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо дэд бүтэц, эрчим хүч, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын бодлогын асуудлаар илтгэл тавина. Яам, Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүд  Засгийн газрын цагаар асуултад хариулах байдлаар орно. Урьд нь бид УИХ-ын гишүүдийг оролцуулж байсан. Энэ удаа салбарын яам, Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцоно.  Ашигт малтмалын хуулийн талаар одоогоор шийдвэр гараагүй байгаа учир УИХ-ын шийдвэртэй холбоотой ярих зүйл алга байна шүү дээ.

Хамгийн чухал хэмээн онцолж байгаа зүйл нь юү вэ?

Бид ямар нэг түүхий эдэд ач холбогдол өгөхгүй байгаа. Энэ удаагийн ес дэх хурлын үндсэн уриа нь “Харилцан ашигтай хамтын ажиллагаа” юм. Өргөн хүрээгээр харж, зөвхөн уул уурхай төдийгүй бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоё гэсэн үг. Тэр нь хариуцлагатай уул уурхайг бий болгоно.
Бид хурлын агуулгад их анхаарч байгаа. Хэлбэрийн хувьд ч өмнөх найман жилийнхээсээ илүү шинэлгээр зохион байгуулахаар Зохион байгуулах хорооны шинэ залуу гишүүд ажиллаж байна. Бид энэ жилийн хурлын Зохион байгуулах хорооны даргаар шинэ хүн сонгосон. анхны Ерөнхийлөгч  П.Очирбат гуай энэ жил хурлыг удирдах юм.

Тэгэхээр энэ жилийн хурлыг агуулга, хэлбэр аль алины хувьд шинэлэг болно гэж ойлгож болох нь ээ ?

Тийм байлгахыг хичээж байна. Бидний ажлын үр дүнгээс тодорхой харагдах байх. Жил бүр оролцдог хүмүүс үүнийг илүү сайн ажиглах байх аа.

Та бүхэнд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж