Мянганы хөгжлийг зорилтын хэрэгжилт удааширч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Мянганы хөгжлийг зорилтын хэрэгжилт удааширч байна

Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтууд хэрхэн хэрэгжиж буй талаар Ази, Номхон далайн орнуудын Мянганы хөгжлийн зорилтыг хангах хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Анурадха Наживан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ахлах эдийн засагч доктор, профессор Саурабх Сингха нар өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай уулзлаа.

АНУ-ын Нью-Йорк хотод 2010 онд болсон Мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтаар улс орнуудын Засгийн газар, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, НҮБ-ын агентлагууд, ивээн тэтгэгч, доноруудад хандан Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа явцыг түргэтгэхийг зөвлөсөн билээ. Хэрэгжилтүүдийг 2015 онд дүгнэсэн байх ёстой. Өнөөдөр болсон уулзалтаар Монголд Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хурдасгах хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцжээ. 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат Мянганы хөгжлийн зорилт, хэрэгжилтэд анхаарал тавьж байгаа нь сайшаалтай гээд  Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт удаашралтай байгааг хэлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж байгаа ч тодорхой бодит үр дүн гарахгүй байгаа юм. Ядуурал нь ажилгүйдэлтэй холбоотой учир ажлын байр бий болгох, өрхийн амжиргааг сайжруулах чиглэлийн бодлого хэрэгжүүлж байгааг Д.Очирбат гишүүн хэлжээ.

Монгол Улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьтай байна. Мянганын хөгжлийн зорилтууд хоорондоо уялдаа холбоотой байдаг. Тэдгээрийн хэрэгжилтийг тогтвортой дэмжих зорилгоор ажил гацааж буй асуудлыг шийдвэрлэхдээ бүлэг давхаргыг хамарсан ‘хурдасгах шийдлүүдийг’ боловсруулан хэрэгжүүлэх нь илүү ашигтай байдгийг Ази, Номхон далайн орнуудын Мянганы хөгжлийн зорилтыг хангах хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Анурадха Наживан уулзалтын үеэр зөвлөсөн байна.

УИХ-ын гишүүн Д.Очирбат төлөөлөгчдөд, УИХ-аас нийгмийн салбарт хийж байгаа ажлуудын талаар товч мэдээлжээ. УИХ-аас баталсан ‘Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, ‘Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай, Эрүүл мэндийн тухай хууль’ болон ирэх намрын чуулганаар хэлэлцэх ‘Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар тэдэнд мэдээлэл өгчээ.

Хаврын чуулганаар баталсан ‘Эрүүл мэндийн тухай хууль нь хүн өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхийг чухалчилсан агуулгатай.  Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг мөн үзэл баримтлал, агуулгын хувьд өөрчилж байгааг хэлж иргэд эрүүл мэнддээ зарцуулж байгаа даатгалын сангийн мөнгөө хянах бололцоог шинэ хуулиар бүрдүүлж өгнө гэдгийг тайлбарлажээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нийгмийн сахлбарын асуудлаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хурдасгах хөтөлбөрийн ажилтнуудтай хамтран ажиллахаар болсон байна.  

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж