Төрийн нийтийн зориулалттай өмчийн тухай хууль батлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Төрийн нийтийн зориулалттай өмчийн тухай хууль батлахыг шаардав

Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний зүгээс “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь Улаанбаатар хот дахь хууль бус газар олголтын талаарх стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тодорхой албан тушаалтнуудын хууль бус гэж хэлж болохоор шийдвэрүүдийг шүүхийн болоод бусад эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр хүчингүй болгоод иргэд оршин суугчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хийж байгаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний ярьж заншиснаар Төмөр замын коллежийн урд талын арктай шар байрны өмнөх нийтийн эзэмшлийн хэсэг газарт газар эзэмших эрх олгогдсон байсан. Үүнийг шат шатны шүүх, Нийслэлийн засаг даргын захирамжын асуудлаар хүчингүй болгож, тухайн газарт хийгдсэн байсан газар шорооны ажлыг хуучин хэвэнд нь оруулж, газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулжээ. Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 14, 15 дүгээр байрны хооронд хоёр болон 12 давхар зочид буудлын барилга баригдсан. Үүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмжих эрх олгосон байсныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн хоёр удаагийн шийдвэр мөн Нийслэлийн Засаг даргын дараа дараагийн захирамжаар газар эзэмжих эрх болоод гэрчилгээг хүчингүй болгон хууль бус газар дээр барьсан байшинг буулгах шийдвэрүүд гарсан. Уг шийдвэр гараад хоёр жил болж байгаа ч тухайн хоёр байшинг буулгах асуудал өнөөдрийг хүртэл  эхлээгүй хүлээлгийн байдалтай байгаа гэнэ. 2006 оноос хойш тухайн 14, 15 дугаар байрны иргэд эрүүл мэндээрээ хохирон энэ тухай холбогдох байгууллагуудад удаа дараа албан бичиг хүргүүлээд байгаа ч тоймтой шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрчээ. Иргэдийн нийтийн эзэмшлийг газрын талаар хууль байдаггүй учраас эрх мэдэл бүхий албан тушаалтнууд дур мэдэн авирлах монголын ард түмний баялгыг цөлмөх нь сүүлийн гурван жилд ихэссэн ажээ. Иймд Үндэсний “Соёмбо” хөдөлгөөн, иргэдийн “Алянс” төвөөс төрийн нийтийн зориулалтай өмчийн тухай хуулийн төслийг боловсруулан  УИХ-ын гишүүн Мөнх-Очирт өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулиас өмнө төрийн нийтийн зориулалттай өмчийн тухай хуулийг баталж гаргах ёстой хэмээн тэд ийнхүү дээрх хоёр том жишээг татан ярьлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж