Д.Жаргалсайхан: Монголчууд спортын 13 төрөлд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан: Монголчууд спортын 13 төрөлд өрсөлдөнө

Удахгүй БНХАУ-ын Шинжинь хотноо дэлхийн оюутны спортын зуны 26 дугаар Универсиад наадам (ДОСН) болох гэж байна. Монголын тамирчид хэрхэн бэлтгэж оролцох талаар Монголын оюутны спортын холбооны (МОСХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор  Д.Жаргалсайхантай ярилцлаа.

 -Универсиад наадмын талаар танилцуулахгүй юү?

-Универсиад наадам нь өвөл, зуны төрлөөр хоёр жил тутамд зохиогддог. Зуны наадам анх 1959 онд Италийн Турин хотноо явагдсан. Харин өвлийн наадам нь 1960 онд Францын Шамони хотноо болж байсан түүхтэй. Наадмыг олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), эрх авсан орнуудтай хамтран зохион байгуулдаг. Дэлхийн спортын тавьцанд “Универсиад” наадмыг “Бага олимп” хэмээн нэрлэдэг. Учир нь 200 орчим орны 13.000 гаруй төлөөлөгчид оролцдог, олон төрлөөр нэгэн зэрэг хугацаанд явагддаг цогцолбор наадам тул ийнхүү нэрлэжээ. Наадам нь зөвхөн спортын арга хэмжээ бус соёл, урлаг, үзвэр, нээлт болон хаалтын тоглолтууд болж оюутнууд бүгд нэг дор байрлах тамирчдын тосгонг байгуулдаг. Наадмын нэр нь University (их сургууль) гэсэн үгнээс гаралтай нэрлэгдсэн байх ба онцлог нь  зөвхөн 17-28 насны, өдрийн ангид суралцдаг оюутнууд орох эрхтэй. Энэ наадамд оролцоход ямар нэгэн эрх авах, хязгаар тавих асуудал байхгүй нь олимпийн наадмаас ялгаатай. Ер нь оролцохдоо гэсэн уриатай явж ирсэн. ОУОСХ-ны гишүүн тухайн орны ОСХолбоод нь тамирчнаа тодорхойлж оруулдаг дүрэмтэй.

Сүүлийн жилүүдэд ДОСНаадмын эрх авах асуудал ихээхэн сонирхолтой болж ирсэн. Тухайлбал: 2011 оны эрхийн төлөө 2007 онд ОХУ-ын Казань, Польшийн Познань, Хятадын Тайваны Каосинг, Испанийн Мурса зэрэг 5 улсын хотууд өрсөлдөж БНХАУ-ын Шинжинь хот эцсийн шатанд зөвхөн нэг саналын зөрүүтэйгээр ялсан. Дэлхийн хүчтэй залуу хотууд энэ наадмын эрхийг авахын төлөө тэмцдэг. Универсиад наадмыг зохион байгуулсан хотыг олимпийн наадмыг явуулах бололцоотой гэж үздэг. Бээжин хот 2001 онд энэ наадмыг зохиож, тухайн жилдээ 2008 оны олимпийн эрхийг авч байсан.Шинжинь хот бол 30 жилийн түүхтэй, БНХАУ-ын хамгийн хурдтай, үсрэнгүй хөгжиж байгаа хот. Одоо хөгжил, хүн амаараа Бээжин, Шанхай, Гуанжоу хотын дараа 4 дүгээр байрт орж ирсэн. Наадмыг явуулснаар залуу хотууд өөрсдийгөө дэлхий нийтэд таниулах сайхан боломж нээгддэг. 

-Наадам хэдэн төрлөөр болох вэ, бэлтгэл ажил хэр хангагдаж  байна?

 -Зуны “Универсиад” наадам үндсэн 10 төрлөөр явагддаг. Үүнд: хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур жад, хөл бөмбөг, гимнастик /спортын болон уран сайханы/, усан спорт /усанд сэлэлт, усанд үсрэлт, усны бөмбөг/ теннис, волейбол, жүдо, ширээний теннис төрөл заавал ордог. Мөн тухайн орон, ЗБХ-ны хүсэлтээр хэд хэдэн төрлүүдийг оруулж болдог. “Универсиад 2011” наадамд аэробик, бадминтон, байт харваа, буудлага, гольф, дугуй, сайлинг /завь/, таеквондо, хүндийг өргөлт, шатар, элсний волейбол зэрэг 11 төрлийн спорт нэмэгдэн орж нийтдээ 21 төрлөөр явагдахаар болсон. Наадам энэ оны 8 сарын 12-23 –ны өдрүүдэд болно.

Наадмын бэлтгэл ажил амжилттай, төлөвлөгөө, цаг хугацааны дагуу явж байна лээ. Бид энэ оны 4 сард очиж байдалтай газар дээр нь танилцсан.  БНХАУ-ын Засгийн газар, Гуандун муж болон хотын захиргаа, Зохион байгуулах хороо  их ажил хийж, анхаарч бэлтгэж байна. Наадмын нэг онцлог бол Шиньжин хотын спортын барилга байгууламжууд, төв цэнгэлдэх хүрээлэн, спортын төв ордон, усан сан зэрэг нь бүгд кристал гурвалжин талст хэлбэртэй бүтээгдсэн нь наадмын өнгө төрхийг бусад Универсиад наадам, спортын бусад арга хэмжээнүүдээс тодруулж өгчсөн. Хотын дэд бүтэц, зам, тээвэр, метро, барилга байгууламжуудыг шинээр барьж босгон, засч тохижуулж байна. БНХАУ-ын CCTV телевиз Универсиад их наадмыг 6 хэл дээр дэлхий даяар шууд дамжуулах болжээ. Тус улсад 2001 онд Бээжин хотноо зуны Универсиад, 2009 онд Харбин хотноо өвлийн Универсиад наадмууд тус тус зохиогдож байсан.

-Монголын тамирчид Универсиад наадамд хэдэн оноос оролцож, ямар амжилт үзүүлж байв?

-“Универсиад” наадамд Монголын оюутан тамирчидын төлөөлөгчид анх 1965 онд Унгарын Будапешт хотноо болоход волейболын спортын төрлөөр оролцож байсан түүхтэй. Манайхан 1965-аас 1987 оны хооронд зөвхөн социалист системийн орнуудад (Москвад 1973, Софи 1977, Бухарест 1981, Загреб 1987 онуудад) болсон наадамд оролцож ирсэн юм билээ. Харин 1989 оноос хойших бүх наадамд нь тасралтгүй орж, бид одоо 17 дахь удаагаа энэ наадамд өрсөлдөх гэж байна. Монголын үе үеийн оюутан тамирчид тус наадамд амжилттай оролцож ирсэн. Чөлөөт барилдааны тамирчин Ц.Нацагдорж (1973 онд Москва), З.Ойдов, З.Дүвчин нар (1977 онд Болгарын Софи), Б.Наранбаатар (2005 онд Туркын Измир), жудогийн Х.Болдбаатар (1999  онд Испанийн Пальма), М.Бундмаа (2007 онд Тайландын Бангкок) хотноо болсон Универсиад наадамд аварга болж байсан ба зуны их наадмуудаас бид 6 алт, 3 мөнгө, 7 хүрэл нийтдээ 16 медалийг хүртсэн.

Бид Универсиад наадмын тухай, Монголын тамирчид тус наадам болон бусад оюутны тив, дэлхийн тэмцээнд хэрхэн орж ирсэн, ямар амжилт үзүүлж байсан, үндэсний оюутны спортын хөдөлгөөний талаар 300 гаруй хуудас бүхий ном хэвлүүлж, энэ намар гаргахаар бэлтгэж байна. Энэ ном манай уншигч, олон нийтэд дэлхийн болон Монголын оюутны спортын хөдөлгөөний талаар чухал гарын авлага, материал болно гэж үзэж байна.

-Энэ удаагийн наадамд Монголчууд хэдэн төрлөөр оролцох вэ?

-Манай холбоо ОУОСХ-ны гишүүн байгууллагын хувиар энэ наадамд оролцох асуудлыг бүхэлд нь хариуцаж бэлтгэл ажлаа хийж байна. Бид баг тамирчдаа энэ оны 3 сараас эхлэн сонгон шалгаруулсан. Спортын 13 төрөлд (аэробик, бадминтон, байт харваа, буудлага, дугуй, жүдо, спортын гимнастик, усанд сэлэлт,  таеквондо, теннис, хүндийг өргөлт, шатар, ширээний теннис)-ийн 157 төлөөлөгчидөө уг наадамд оролцуулахаар боллоо. Манай тамирчдын дотор шатрын  их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Олон улсын мастер Б.Гүндаваа, Д.Янжиндулам, Ц.Батчулуун, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Чинбат /60кг/, Б.Хишигбаяр /66кг/, Б.Мөнхтуяа /+78кг/, буудлагын олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг, Ц.Хонгорзул, Г.Хэрлэнцэцэг нарын зэрэг манай улсын шилдэг тамирчид багтсан байгаа.

Наадамд оролцох төлөөлөгчдийн ахлагчаар ЗГХАгентлаг-БТСГазрын дарга Ч.Наранбаатар, орлогчоор МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нар томилогдсон. Наадмын хүндэт зочиноор ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, миний бие Универсиадын үеэр олон улсын хяналтын хорооны багийн гишүүнээр ажиллахаар тус тус ОУОСХ-ноос томилогдсон. Бид их наадмын үеэр болох төрөл бүрийн арга хэмжээ, Ерөнхий ассамблейн хуралд улс эх орноо төлөөлөн оролцоно.. Наадмыг манай улсын 4 олон улсын шүүгч шүүнэ. Үүнд: жүдо бөхийн Д.Энхтүвшин, аэробикийн Б.Оюун, Г.Ерөөлтбат, таеквондогийн Л.Отгонбаатар орсон. Мөн Монголын спортын 7 эрдэмтэн, судлаач нар Универсиадын үеэр болох “FISU Conference” эрдэм шинжилгээний их хуралд илтгэл тавина. Үндэсний Универсиад 2011 их наадамд амжилттай оролцсон 5 их сургууль (ҮБТДС, ШУТИС, Мон-алтиус БТДС, ХААИС, МУБИС)-ийн багш нарыг урилгаар тус наадамд оролцуулж байна. Оюутан залуусынхаа тэмцээнд оролцож байгаа талаар газар дээрээс нь  МҮОНРТ, ТV9 телевизүүдтэй хамтран  нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн эх орон даяар шууд дамжуулан нэвтрүүлнэ.

-Төр, засгаас Универсиад наадамд хэр туслаж байна вэ?

-Төр засгаас “Универсиад” их наадамд оролцох баг тамирчидаа дэмжих талаар цаашидаа тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай юм. Одоогоор ямар нэгэн туслалцаа алга. Улсын шигшээ багаас орж байгаа 5-н тамирчны зардлыг БТСГазраас гаргасан. Саяхан бид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа дугуй, аеробик, буудлага зэрэг төрлүүдийн тамирчидтай уулзан ажил, байдалтай танилцлаа. Оюутан тамирчид, багш нар маань зуны амралтын 2 сарын хугацаанд амралтгүй бэлтгэл сургуулилтаа өөрсдийнхөө хүчээр бие даан сургууль, клуб, байгууллага дээрээ хийж байна. Зарим төрөл өдөрт 2 удаагийн 6 цагийн бэлтгэл хийж байна. Тэд хоол, ундны мөнгөө эцэг, эхээсээ авч, бор зүрхээрээ явж байгаа. Наадамд оролцох онноц, хоол байрны зардлаа ч өөрсдөө олж байгаа. Зарим сайн тамирчид маань мөнгөгүйн улмаас явж чадахгүйд хүрч байна. Иймээс бид зөвхөн олимпийн наадамд мөнгө зарна гэхгүй, тэдний хойч залгамж халааг бэлтгэж байгаа Универсиад наадамд оролцож байгаа оюутнуудаа төрөөс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөн улсын төсөвт суулган, санхүүжүүлж байх нь зүйтэй юм. Энэ талаар бид тодорхой асуудлыг тусгасан бичиг, тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулан Ерөнхий сайд, эрүүл мэнд, боловсролын сайдуудад тавьсан. Одоогоор ямар нэгэн шийд алга. Ер нь оюутнуудын энэ байдлыг ойлгуулах чиглэлээр бид ажиллаж байна. БТСГазрын даргыг төлөөлөгчийн ахлагчаар томилж газар дээр нь байдалтай танилцуулах арга хэмжээ авч байна. Мөн БСШУЯам, МОХолбооны төлөөлөгчдийг бүрэлдэхүүндээ оруулсан. Бас Универсиадад орох Монголын тамирчидыг үдэн гарах ёслолыг зохион байгуулж Эрүүл мэнд, Боловсролын сайдуудыг урьж оролцуулж байна.  Бусад орнуудын Засгийн газар оюутны Универсиадад оролцох бэлтгэлийн болон оролцох зардлыг бүгдийг улсын төсвөөсөө гарган санхүүжүүдэг. Бид энэ удаагийн наадмын дараа дахин асуудал тавьж, ойлгуулах, төр, засгийн зүгээс шийдвэр гаруулах чиглэлээр ажиллах болно.

-Универсиадад медаль хүртэх төлөв юу байна, засгаас хэр шагналтай бол?

-Наадамд дэлхийн шилдэг залуу тамирчид бүгд оролцдог учраас медаль хүртэхэд тун хэцүү. Монгол улсаас өмнөх наадмуудаас медаль хүртсэн тамирчдын нэрийг мэдэж байгаа. Агаарт жинхэнэ шонхорууд нисдэг гэгчээр жинхэнэ сайн тамирчид медаль хүртэх боломжтой. Гэхдээ бид өмнөх Сербийн Белград хотноо 2009 онд болсон Универсиадын жүдо бөхийн төрлөөр хүртсэн 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилттаа ахиулах зорилт тавьсан. Жүдо, буудлага, шатрын төрөлдөө өмнөх Универсиад наадам, оюутны ДАШТ-үүдэд медаль хүртэж байсан учраас илүү найдвар төрүүлж байна. Гэхдээ аэробик, байт харваа, дугуй, спортын гимнастик, таеквондо, хүндийг өргөлт, ширээний теннис төрлүүдээсээ медаль харж байгаа. Ганцаарчилсан гэхээсээ илүү энэ төрлүүдийн хос, холимог хос, багийн төрлүүдэд найдвар бий. БТС-ын хууль, Засгийн газрын тогтоолын дагуу алтан медаль 10.0 сая төгрөг, мөнгөн 5.0 сая төг, хүрэл 3.0 сая төгрөгний шагнал авах юм. Мөн Универсиадад медаль хүртсэн оюутан тамирчидыг МУ-ын ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгодог журамтай.

-МОСХолбоо оюутан залуучуудаа хэр туслан дэмжиж байна вэ?

-МОСХолбоо оюутан тамирчидынхаа нөхцөл байдлыг сайн ойлгож, өөрсдийн хэмжээнд туслаж байна. Тус наадамд оролцох нийт оюутан тамирчидаа бид 4 төрлийн хөнгөлөлт, туслалцаа үзүүлсэн.

Нэгдүгээрт: Их наадмын 157 төлөөлөгч нарт БНХАУ-ын 361 градус компанийн бэлтгэлийн иж бүрэн хувцсыг үнэ төлбөргүй өгнө.

Хоёрдугаарт: Шинжинь хотноо байрлах тамирчдынхаа хоол, байрны зардлыг 65 %-иар бууруулан зөрүү мөнгийг нь ивээн тэтгэгч олж өгч байна.

Гуравдугаарт: МИАТ ХК–тай гэрээ байгуулан тус компаний дэмжлэгтэйгээр УБ-Хонгконг-УБ чиглэлээр шууд нислэгээр оюутны хөнгөлөлтэй үнээр нисэх болсон.

Дөрөвдүгээр: БНХАУ-ын банк санхүүгийн “China Union Pay” компанитай хамтран багийн бүх гишүүдэд юаны картыг дотроо зохих хэмжээний мөнгөн үлдэгдэлтэйгээр бэлэг болгон өгч бодитой тусламж, дэмжлэгээ оюутнуудаа үзүүлж байгаа. Бидэнтэй хамтран ажилласан, манай оюутнуудын зардлыг даан оролцуулж оюутан залуучуудаа дэмжсэн байгууллага, хамт олондоо тэднийг төлөөлөн баярласнаа илэрхийлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж