Ширэн бээлийтнүүд Азийн аваргад мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд Азийн аваргад мордлоо

БНСУ-ын Инчён хотноо энэ сарын 5-13-нд болох боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Уг нь өчигдөр орой Өмнөд Солонгосын Korean Air компанийн нислэгээр нисэх байсан ч онгоцонд гэмтэл гарсан учир түр саатжээ.

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн уг нь зургадугаар сарын 17-27-нд Иордан улсын нийслэл Амман хотноо болох тов гараад байсан ч тус улсад үүссэн нөхцөл байдлын улмаас хойшилж, Инчён хот руу шилжсэн юм. Ази тивийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 23 орны 160 ширэн бээлийтэн 10 жингийн ангилалд тулалдана. Тэмцээний зохион байгуулагч орон болох Өмнөд Солонгосоос гадна Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан болон Узбекистаны багууд бүх жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бол Монголын баг тамирчид боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг болон дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор наймуулаа Азийн аваргын рингэнд тулалдах юм. Уг нь энэ жилийн тивийн аваргад есөн тамирчин оролцохоор бэлтгэл хангагдаад байсан ч С.Эрдэнэбаяр /81 кг/ тодорхой шалтгааны улмаас Азийн аваргыг өнжих болжээ.

Инчёны рингэнд тулалдах Монголын багийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба /49 кг/, Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт Н.Төгсцогт /52 кг/, ОУХМ Д.Отгондалай /56 кг/, ОУХМ З.Энхзориг /60 кг/, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ Н.Түвшинбат /69 кг/, ОУХМ Т.Чулуунтөмөр /75 кг/, ОУХМ Х.Мандахбаяр /-91 кг/ нар багтжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа баасан гаригт болж, тулаанууд эхлэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж