Ордноор дүүрэн ”сүнс”-нүүд хуралдаж

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Ордноор дүүрэн ”сүнс”-нүүд хуралдаж

Төрийн
ордны баруун талын жигүүрийн нэг суудлыг үе үеийн УИХ-ын гишүүд
“гүйдэлтэй” хэмээн цэрвэдэг байсан юм гэнэ лээ. Эхлээд УБХ-ын гишүүн
асан Д.Гончиг, дараа нь О.Дашбалбар агсан, Ш.Отгонбилэг агсан гээд тэр
суудалд ойрхон суусан гишүүд нэг нэгээрээ цаг бусаар тэнгэрт халиад
байсан учраас ийнхүү цэрвэдэг болсон юм гэсэн. Гэхдээ энэ удаагүй төрийн
ордны “гүйдэл” арай өөр юм аа. Илүү “аюумшигтай” биш, илүү
“энхрийлүүштэй” гэх үү дээ.

Хаврын чуулган өндөрлөх үед эрхэм
спикер зарлиг гарган чуулганы завсарлагааны хугацаанд ажиллах ажлын
хэсгүүдийн хуваарь, Байнгын хороодоос өргөн барих хуулийн төслүүдийн
жагсаалтыг гаргасан билээ. Үүнд тухайлбал, Байгаль орчин, хөдөөгийн
хөгжлийн байнгын хороо зургаан ажлын хэсэг, Нийгмийн бодлого, боловсрол,
соёл шинжлэх ухааны байнгын хороо хоёр, Төрийн байгуулалтын байнгын
хороо найм, Төсөв хоёр, Хууль зүй зургаа, Эдийн засгийн байнгын хороо
зургаан ажлын хэсэг байгуулж, намрын чуулган эхэлтэл ажиллахаар “ажил
хэрэгч” төлөвлөгөө гаргажээ. Мөн Байгаль орчны байнгын хороо тав, Хууль
зүйн байнгын хороо дөрвөн хуулийн төсөл өргөн барих амлалт авч, хуулийн
төсөл дээр ажиллах гишүүдийн нэрийг ч бас зоосон байна.

Гэвч
хаврын чуулган завсарласнаас хойш сар гаруйн хугацаанд хаа сайгүй наадаж
яваа эрхэм гишүүд маань амлан авсан ажлуудаа харин ч нэг “тамлан хаяж”
байгаа бололтой дог оо.

Наадмын дараа хоёр байнгын хорооны дарга
хаврын чуулганаар хэлэлцүүлсэн асуудлуудынхаа тухай хагас дутуу
мэдээлэл хийгээд сураг алдарснаас хойш Төрийн ордонд үзэгдэхээ больсон
эрхэм гишүүд утас цохихоор “Аравдугаар сард ажилдаа орно шүү дээ, одоо ч
тойргоороо л явж байна” гэсгээд нам… Ажлын хэсэг нь хаана хуралдаад,
хуулийн төслийг нь хэн бичээд байгаа юм, бүү мэд. Гайхаж ядаад Тамгын
газрын даргаас нь сураглавал “Манай гишүүд чинь ажлын хэсгээрээ
хуралдаад л байгаа шүү дээ, хуралдахгүй байна гэж хэлж яаж болох вэ”
гэнэ. Ёстой л аргаа барсан хүний үг.

УИХ-ын гишүүд наадмаасаа
ирээгүй, ордныхоо босгоор нэг ч алхаагүй байхад ажлын хэсгүүд ордонд
хуралдаад л байна гэхээр төрийн ордон дахиад л “гүйдэл”-тэй болсон
бололтой. Хоёр сарын дараа ажилдаа ороход чинь баахан бэлэн хуулийн
төсөл бичигдчихсэн, мань гишүүд кнопоо дараад л сууж байх нь байна шүү
дээ, эрхэмүүд ээ. Харин тэгээд өөрсдөө ажлаа хаяж явчихаад, өнгөрсөн
хойно нь айж цэрвээд “сайн санаат” сүнснүүдээ үргээчихэв дээ, эрхэм
гишүүд минь.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж