Хоригдлууд хорих ангийн блокон хашааг цөм цохин оргожээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Хоригдлууд хорих ангийн блокон хашааг цөм цохин оргожээ

Зайсан дахь хүүхдийн 411 дүгээр хорих ангиас долдугаар 31-нд зургаан хоригдол оргожээ. Тус ангид хорих ял эдэлж байсан 16-18 насны зургаан эрэгтэй хүүхэд 31-ний өдөр 14.20 цагийн үед хорих ангийнхаа байранд цэвэрлэгээний ажил хийж байгаад оргосон байна.  Хэрэгтнүүдийн нэгийг долдугаар сарын 31-нд буюу хорих ангиас оргосон өдөр нь нийслэлийн бүсээс хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар барьсан байна. Харин нэгийг нь өчигдөр эрэн хайх ажиллагааны баг баривчилжээ. Одоогоор дөрвөн хоригдлыг эрж хайх ажил үргэлжилж байгаа аж. Тэд хорих ангийн блокон хашааг цөм цохин гарсан байна. Оргодлууд хашаа цөмлөж байхад харгалзагч нар хаана юу хийж байсныг тодруулахаар хорих ангид дотоод шалгалт хийж, эрлийн ажил үргэлжилж байгаа тухай холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Тухайн үед хорих ангид ажиллаж байсан эх сурвалжийн хэлснээр хоригдлуудыг оргосны дараа хэн нэг нь бетонон ханыг бөглөсөн байсан гэнэ. Өдрийн цагаар таван метр өндөртэй бетонон хашааг цөм цохиод гарч байгааг анзаардаггүй харуулууд гэж байх уу, харсан ч хараагүй дүр үзүүлээд өнгөрөв үү, эсвэл хана хашаандаа найдаад хорихынхон хамгаалалтаа сулруулсан хэрэг үү?

Зайсан дахь засан хүмүүжүүлэх хүүхдийн хорих 411-р ангид нийт 20 гаруй хүүхэд хүмүүжиж байсан байна. Түүнээс зургааг нь ийнхүү оргуулж алдаад, хоёрыг нь барьжээ. Үлдсэн дөрвөн хүүхдийг хайх ажиллагаа нийслэлийн бүсэд үргэлжилж байгаа, хүүхдүүд хотоос гараагүй тухай албаны хүмүүс мэдээллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж