Л.Гансүх сайд Берлинд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайд Берлинд ажиллана

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани энэ үзэсгэлэнгээр өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан борлуулдаг. Үзэсгэлэнд оролцогчид бараг зургаан их наяд еврогийн аялал жуулчлалын худалдаа, хэлцэл хийдэг байна. 2010 онд уг үзэсгэлэнг 179351 хүн үзсэн статистик мэдээ гарчээ. Мөн дэлхийн 89 улсын 7200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг сурталчилсан байна.

Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа. Энэ удаа буюу 2011 оны 3-р сарын 9-13-ны өдрүүдэд Германы Берлин хотноо болох үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцох гэж байна. Засгийн газар өнгөрсөн онд энэ шийдвэрийг гаргасан юм. Берлиний ITB үзэсгэлэн Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд шинээр сурталчилж, түүх соёлын гайхамшиг үзүүлэх өргөн боломжийг бидэнд олгож байна. Монгол Улсын хувьд “Соёлын түнш орон”-оор оролцсоноор олон улсын нэр хүндтэй эл үзэсгэлэнгээр дамжуулан дараах давуу боломжуудыг эдлэх юм. Тодруулбал,

-Түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлах;

-Европын зах зээлд Монголын эзлэх байр суурийг баталгаажуулан, жуулчдын тоог нэмэгдүүлэх;

-Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

-Соёлын өвийг жуулчдыг татах бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх;

-Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжтой аж.

Соёлын аялал жуулчлал бол сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын төрөл. Соёлын өв, музей, концерт, урлагийн наадам үзэх, соёл урлагийн арга хэмжээнүүдэд оролцохоор янз бүрийн орныг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC) болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас (UNWTO) гаргасан чиг хандлага, судалгаанаас үзэхэд, соёлын аялал нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд, нэн ялангуяа Европын зах зээлд улам бүр ач холбогдолтой болж байна. Түүх, соёлын арвин өвтэй Монгол Улс Европын жуулчдыг татах бүрэн бололцоотой учир бид үзэсгэлэнгийн бүх өдөр Монголын сурталчлах урлаг соёлын иж бүрэн арга хэмжээг үзэсгэлэнгийн танхимд төдийгүй Берлин хотод зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Түүнчлэн, үзэсгэлэнгийн эхний өдөр тусгайлан зохион байгуулах “Монголын форум” нь аялал жуулчлалынхан төдийгүй улс төр, бизнесийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын аялал жуулчлалын талаар мэдээлэл хүргэх чухал арга хэмжээ болох юм.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ай-Ти-Би Берлин-2011” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцох Монголын багийг удирдан зохион байгуулахаар энэ сарын 8-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо ажиллах аж. Монголын багийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуучлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага зэрэг төрийн болон ТББ-ууд хамтран оролцох гэнэ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж