Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Ирээдүйн оффис

Өнөөдөр манай Улаанбаатар хотод өндөр өндөр барилгууд өдөр ирэх тусам сүндэрлэж дэлхийн томоохон брэнд, компаниуд манай оронд хөрөнгө оруулах сонирхол ихсэхийн сацуу тэднийг даган техник технологийн шинэ шийдэл, бизнес санхүүгийн томоохон гарц нээгдэж байна. Үүнийг даган чадварлаг боловсон хүчин, тохилог ажлын орчин зайлшгүй шаардлагатай болжээ.

Энэ тухай дэлгэрэнгүй бичихийн өмнө албан тасалгаа түүнд байвал зохих техник технологийн тухай өнгөрсөн үеийн хүмүүс маань юу гэж бодож, хэрхэн мөрөөдөж байсан тухай цухасхан толилуулъя.

1987 онд тухайн үедээ хараахан олны танил болоогүй байсан Apple компани 21-р зуунд техник технологи хүмүүсийн амьдралд, ялангуяа ажлын газар, албан тасалгаанд хэрхэн өөрчлөлт оруулах тухай нэгэн видео гаргаж байжээ. Тэрхүү видео бичлэгт ажил хэрэгч бизнесменүүд зөөврийн компьютер хэрэглэж дэлхийг хэрсэн мэдээллийн сүлжээнээс шаардлагатай мэдээллийг татаж авч байх ба гараа хөдөлгөлгүйгээр компьютер дээрээ баримт бичиг, мэдээлэл, график зэргийг боловсруулж байгааг харуулдаг.

Тухайн үед түүнийг үзсэн хүмүүс биелэгдэшгүй зүүд мөрөөдөл мэт санаж зарим нь үгүйсгэж байсан биз ээ. Тэр бичлэгийг цацсанаас хойш хэдэн сарын дараа Apple Newton гэх зөөврийн компьютер бий болсон ч хүмүүс түүнийг амьдралд хэрэгтэй гэж үзсэнгүй. Харин тухайн бичлэгт гарч байсан интернэт, баримт бичиг боловсруулах, тооцоолон бодох програм хангамжууд бодит биеллээ олж өдөр тутмын ажлын гарцаагүй байх нэг хэсэг болж чадсан юм.

Дуу таних, түүний дагуу мэдээлэл боловсруулах програм хангамж бий болсон ч өнөөдөр түүнийг хэрэглэж буй хүмүүс цөөхөн байна. Өнгөрсөн хорин жилд мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж тухайн үед ирээдүйг харж түүний төлөө тэмцэж байсан компаниуд өнөөдөр амжилтад хүрч техник, технологийн “акул”-ууд болж чаджээ.

Ялангуяа тухайн үед бид “Жетсоны гэр бүл” гэдэг хүүхэлдэйн кино мөн “Ирээдүй рүү буцсан нь” гэх гурван ангит Спейлбергийн кинонууд дээр гардаг шиг өөрөө явдаг сандал, хотыг хэрсэн автомат явган хүний зам, нисдэг машин, робот үйлчлэгч, автоматаар үдэгддэг пүүз гэх мэт олон олон сонирхолтой шийдлүүд тухайн үедээ хит болж бид хаашаа, юу руу чиглэж явж байна вэ гэдгийг уран сайхны аргаар үзэгчдэд хүргэж чадсан билээ.

Мэдээж зарим тохиолдолд хэтрүүлэгтэй, байж боломгүй зүйлүүдийг тусгасан байх ч тэдгээр зөгнөлт кинонуудад гарч байсан ихэнх зүйл нь өнөөдөр биеллээ олсон юм. Жишээлбэл: нэг дор зурагтын олон суваг үзэх, утасгүй видео тоглоомууд, хотын өнцөг булан бүрт камер байрлуулах, гурав хэмжээст технологи, видео хурал зэрэг нь өнөөдөр хэвийн үзэгдэл болжээ.

Тэгвэл дараагийн хорин жилд технологийн компаниуд ирээдүйг хэрхэн зөгнөж тэдгээр техник технологиуд бидний амьдралд хэрхэн өөрчлөлт оруулж түүнд бид нар хэрхэн зохицох хэрэгтэй тухай тэдгээр акулууд юу гэж ярьж, мөрөөдөж байгаа тухай дэлгэрэнгүй сонирхоё.

Цаасгүй оффис

Энэ тухай аль 1980 онд Литтл Инк компанийн захирал Винцент Гульиано хэлэхдээ 1990 он гэхэд цаас ашиглагдахаа больж бүхий л бичиг баримтууд электрон бичиг баримт болж хувирна гэжээ.

Энэхүү мөрөөдөл өнөөдөр хүртэл үргэлжилж харин биелэгдэх чиглэл рүү хандаж байгаа гэж хэлж болно. Ялангуяа дэлхийн дулаарал, байгаль орчин экологи, ногоон технологи гэж их ярих болсон, мөн техник технологи асар хурдацтай хөгжих болсноос шалтгаалан оффис, албан тасалгаанд цаасны хэрэглээ буурч байгаа ч өнөөдөр цаасны хэрэглээ урьд хожид байгаагүйгээрээ их байна. Оффист цаасны хэрэглээ буурч болох л юм, гэхдээ бид цаасыг хэрэглэсээр байх нь гарцаагүй. Цаасгүй оффис гэсэн мөрөөдөл маань дараагийн хорин жилд биш юмаа гэхэд дараагийн дөчин жилд бүрэн бий болох нь гарцаагүй.

Энэ нь бүх зүйл дижитал болж байгаатай холбогдуулж ойлгож болох юм. Ялангуяа байгаль орчин, экологийн асуудал хурцдаж байгаа өнөө үед “ногоон оффис”-ийг бий болгох нь томоохон компаниудад хэрэглэгчдийн дунд нэр хүндээ хадгалах, ажилчдын ажиллах таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудалд нэн чухал юм. Мөн цаасгүй оффис бий болсноор оффисын зай 40%-иар ихэснэ гэж бодохоор үнэхээр л цаас өнөөдөр ямар их хэрэглэгдэж байгааг ойлгох байх.

Ухаалаг ажлын өрөө

Нэгэн үед оффисын ажилчид гэж ширээ, сандал, нэг компьютер дөнгөж багтхуйц жижиг дөрвөлжин хайрцаг дотор цагаан цамц, зангиа зүүн суудаг хүмүүсийг хэлдэг байсан бол өнөөдөр энэхүү ойлголт аажмаар үгүй болж нээлттэй, чөлөөтэй, бас харьцангуй уян хатан болж байна.

Жишээлбэл Нью-Йорк хотоос гучин минутын зайд IBM компанийн шинэ оффис баригдаж байгаа билээ. Тэд тэрхүү оффисоо BlueSpace хэмээн нэрлэж ирээдүйн жишиг оффис болно гэдэгт итгэлтэй байгаа юм.

Нэгэн менежер хүнийг жишээ болгож авъя. Өглөө ажилдаа ирж өрөөндөө ороход нь түүний энгэрийн тэмдэгт байрлах бичил чип өрөөний гэрэл, компьютер, олон үйлдэлт дэлгэц зэргийг идэвхжүүлэх ба хаалганы өнгө нь цэнхэр байснаа өрөөндөө ороход нь ногоон болж түүнийг өрөөндөө байгааг хүн бүхэнд харагдахуйцаар мэдэгдэнэ. Хэрвээ хүсвэл, яг л мессенжер чатанд байдаг шиг түр зуур “нуугдаж” болно. Электрон дэлгэцэд өнөөдрийн хийх ёстой ажил, энэ долоо хоногийн төлөвлөгөө, уулзалт, хурал мөн хайртай хүмүүсийнх нь зураг идэвхжинэ. Ширээн дээр нь ганц үзэг бас кофены аяга л байх ба ширээний ард суухад нь ширээ нь гэрэлтэж компьютерын дэлгэц болж хувирна. Тэр ирсэн имэйлүүдээ шалгаж хариу бичихдээ дэлгэцэн дээрх виртуал компьютерын гарыг ашиглаж юмуу зүгээр л утсаар ярьж байгаа юм шиг хэлэхэд л хангалттай. Хуралд орох гээд гарахад нь өрөө нь түгжигдэж, ширээ, дэлгэцүүд нь унтарна. Хурлын өрөөнд ширээ, сандал байрлах ба ширээний  голд ганцхан прожектор байх бөгөөд 3D болон холограм технологи ашиглан яг л Аватар кинонд гардаг шиг график, тайлан, зураг төсөл, харьцуулалт зэрэг олон зүйлийг хуралд оролцогчдод үзүүлнэ. Хурлын протокол хурал явагдаж байхад зэрэг хийгдэж холбоотой хүмүүст хурал дуусмагц зохих албан тушаалтнуудад имэйлээр очих бөгөөд хурлаар хийгдсэн гэрээнд хоёр тал хурууны хээгээ дарахад гэрээ хүчин төгөлдөр болно.

Мэдээж дээрх жишээ 100% биеллээ олох болоогүй ч IBM компани бидний ирээдүйг ийнхүү төсөөлж байна. Магадгүй энэ бүхэн хий хоосон мөрөөдөл байж болох ч энэхүү мөрөөдөл, төсөөлөн бодох чадвар л хүний ертөнцийг тодорхойлдог билээ…


Эх сурвалж: Компьютер Таймс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж