Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Сайхан, Цогт-Овоо сумдын нутгаар өнгөрсөн шөнө цас орж, бусад нутгаар тогтуун хонолоо гэж Онцгой байдлаас мэдээлж байна. Харин өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр секунд , баруун болон говийн нутгаар 12-14 метр секунд хүрч ширүүсэх гэнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байх аж. Нийслэлийн хувьд үүлших ч цас орохгүй аж. Салхи баруун хойноос 5-10 метр секунд 1-3 хэм хүйтэн байх гэнэ.
Харин энэ сарын 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 12-14 м/сек, Алтайн салбар уулс, говь талын нутгаар 16-18 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Цаашид хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Л.ХАЛИУ