Бидний туйлын зорилго бол УИХ-ын сонгуульд ялах биш

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Бидний туйлын зорилго бол УИХ-ын сонгуульд ялах биш

Х.БАТ-ЯЛАЛТ: БИДНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО БОЛ
УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛАХ БИШ

Хүний төлөө намын дарга, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Бат-Ялалтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

 
-”Иргэдийн шударга шүүх” төрийн бус бай­гууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг нам байгуулсанд хүмүүс гайхаж хүлээж аваагүй. Улс төрд орохоор ийнхүү зүтгэнэ гэдгийг чинь мэдэж байсан болохоор тэр юм болов уу?

-Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагыг төрийн албан хаагчдын гэмт халдлагаас хүний болон улс эх орныхоо эрх ашгийг хамгаалах зорилготойгоор байгуулж байсан. Анх төрийн албан хаагчдын алдаатай үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг цуглуулдаг байлаа. Аажимдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрийн албан хаагчдын алдаатай үйл ажиллагааг илчилж, хэлмэгдсэн хү­мүүсийг өмгөөлж, хамгаалах үйл ажиллагааг хийж ирсэн. Олон жил хүний эрхийн талаар судалгаа хийсний эцэст хүний эрхийг хамгаалах нам байх ёстой гэж үзсэний үндсэн дээр энэ намыг байгуулсан. Өнөөдөр төрийн эрх гэж  ярьдаг атлаа хүний эрхийн төлөө ажиллахгүй байна. Тиймээс төр төвтэй нийгмээс татгалзаж, хүн төвтэй нийгэм рүү орох ёстой. Гэхдээ хэсэг бүлэг хүнд нийгмийн баялгийг хүртээх бус, нийт хүмүүст түгээх ёстой юм. Тиймээс хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг гэж болно.

 -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөнийг та өрнүүлж байсан. Тухайн үед зарим хүн үүнийг “Б.Хурцаар шоу хийж байна” гэж байсан л даа. Харин та юу гэж тайлбарлах вэ?

-Намынхаа үзэл баримтлалын хүрээнд бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын эрхийг хамгаалсан. Яаж хамгаалалт хийсэн бэ гэхээр тэр хүн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдэлж байгаад баривчлагдсан. Тэр хүний хөдөлмөрлөх нөхцөл нь нууц, тусгай байсан. Үүнийхээ  хүрээнд л хэн нэгний даалгавраар гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан хүнийг баривчилж авчрах үүргийг л гүйцэтгэсэн учир тэр хүнд ямар нэгэн буруу байхгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улс өнөөдөр тусгаар тогтносон улс юм бол иргэнийхээ хийсэн гэмт үйлдэл гэж тооцох асуудлыг дотооддоо шийдэх ёстой. Монгол Улс иргэнээ шүүх эрх мэдлээ алдчихвал тусгаар тогтносон улс гэж оршин тогтнох үндэслэлгүй болно. Харин бид үг хэлэх эрх чөлөөгөө хэтрүүлэн эдэлж, аливаа асуудлыг дураараа тайлбарласны уршгаар зарим хүн асуудлыг буруугаар ойлгох тохиолдол гарч байна. Үүнээс болж хэн нэгний эрх ашиг хөндөгдөх магадлалтай юм.

-“Ганц хүн улс төрд ямар ч үр дүнд хүрэх боломжгүй” гэдэг. Танай нам ямар нэгэн нам, эвсэлтэй нэгдэх үү. МАХН-ынхан жижиг намуудтай нэгдэж байгаа шүү дээ?

-Бидний туйлын зорилго бол УИХ-ын сонгуульд ялах биш. Бид өөрсдийн дуу хоолойг олон нийтэд түгээх л зорилготой. Үнэхээр олон нийт биднийг дэмжээд итгэл хүлээлгэх юм бол бид төрийн эрхэнд гарахдаа өөрсдийгөө хянах хяналтын механизмаа бий болгочих юм. Өнөөдөр төрийн эрх яагаад ийм үнэтэй, сонгуулийн үйл явц чухал байгааг бодох хэрэгтэй. Үүний цаана эрх мэдлээр дамжуулж, баяжих боломж байгаад л оршино. Манай нам маш олон иргэний хөдөлгөөн, нам, төрийн бус байгууллагуудтай нэгдэж үйл ажиллагаа явуулах гэж оролдож үзсэн. Харамсалтай нь тэд зөвхөн УИХ-ын гишүүний асуудлын төлөө л нэгдэх санал тавьдаг байсан. Харин бидэнтэй зорилго нэг улс төрийн хүчин байвал нэгдэхийг үгүйсгэхгүй.

-”Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-“Системийн өөрчлөлтийг хийе” гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь  юу вэ гэхээр хяналтын механизмыг  оновчтой болгож, төрийн эрхэнд тулгуурласан нийг­мийг зохион байгуулах аргачлал төр төвтэй нийгмээс татгалзаж, хүн төвтэй нийгмийг бий болгох юм. Тухайлбал, төр байгаа л юм бол хүнийхээ төлөө байя л гэсэн үг. Гэхдээ хэсэг бүлэг хүний төлөө биш, нийт ард түмнийхээ төлөө. Тиймээс манай төрийн бус байгууллага хүний эрхийн онол гэдэг салбар шинжлэх ухааныг бий болгож байгаа.

-Үүнийгээ тайлбарлавал?

-Энэ нь хүний эрхэнд тулгуурлаад нэг хүний төлөө ажилладаг төрийг хэрхэн зохион байгуулах вэ гэсэн онолын асуудлуудыг дэвшүүлж байгаа. Энэ онолынхоо хүрээнд “Иргэний хяналтын нэгдсэн сүлжээ” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд иргэдээс төрийн албан хаагчдын шийдвэрт эргэлзэж байгаа болон харилцаанд нь сэтгэл дундуур байгаа гэх мэт гомдлыг хүлээж авч, дүн шинжилгээ хийнэ. Дүгнэлт хийж энэ гомдол үнэхээр үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг тогтоох юм.

-Иргэдээс ирүүлж буй гомдлын дийлэнх хувийг ямар салбарынхан эзэлж байна вэ?

-Хууль хяналтын байгуул­лагынханд хаягласан гомдол түлхүү байна. Ялангуяа шүүгч, прокурор, цагдаагийнхантай холбоотой гомдол их байдаг. Шүүх, цагдаа, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн, хохирсон гэх зэргээр маш их бухимдал бий болж байна. Бид үүнийг л арилгая гээд байгаа юм шүү дээ. Харин үүний тулд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянадаг иргэний хяналтын  хараат бус байгууллагыг байгуулахыг зорьж байна.

-Иргэдийн санал, гомдлыг ямар хэлбэрээр сонсдог юм бэ. Үнэхээр ард түмний саналыг тусгаж чадаж байгаа юу?

-Олон нийтэд мэдээлэл түгээх замаар санал гомдолтой байгаа иргэдийн мэдээллийг цуглуулдаг. “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагыг байгуулснаас хойш гомдолтой иргэдийн гомдлыг шийдэхийн тулд хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчийн байр сууринаас хандан 300 гаруй иргэнийг өмгөөлөх ажил хийсэн байдаг. Энэ хүрээнд хилсээр ял эдэлж байсан иргэдийг суллууллаа. Шүүхээс Буруу шийдвэрлэсэн шийдвэрүүдийг зөв голдиролд нь орууллаа. Тэгэхээр энэ бүхний цаана шүүгчийн хариуцлагын асуудал хөндөгдөж таарна. Ингэж ярихаар “Шүүгч ч гэсэн хүн биз дээ. Алдаа гаргаж болно шүү дээ.” гээд байдаг. Үүнтэй адилхан эмч ч гэсэн хүн. Тиймээс гэдсэн дотор нь хайчаа мартаад оёчихсон байна гэх юм. Ийм мэргэжилтэй хүмүүс ямар ч алдаа гаргаж болохгүй. Үүнийхээ төлөө л тангараг өргөдөг гэж би боддог.

-Бодит амьдрал дээр шударга бус зүйл олон байгааг та бүхэн судалгаагаар тогтоогоод хийх ёстой зүйлээ тодорхойлоод байгаа аж. Харин энэ бүхнийг үгүй хийхийн тулд яг юу хийх ёстой юм бэ?

-Төрийн  албан  хаагчдын  ал­даанаас болж нийгмийн зохион байгуулалт алдагдаж, хүмүүсийн итгэл алдарч байгаа нь үнэн. Үүнээс болоод бие биенээ үзэн ядах сэтгэлгээ бий болж байна. Улмаар харилцаанаасаа эхлээд л зөв, бурууг ялгах чадваргүй, өөрсдийн эрхэд нь баталгаа байна уу, үгүй юү гэж эргэлзсэн хүмүүс гудамжаар дүүрэн хөлхөж байна. Энэ болгоныг л шийдэх зорилгтой ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд ч гэсэн төрийн албан хаагчдын үйл ажиллагааг өөрчлөх ёстой гэсэн зорилго дэвшүүлчихсэн байгаа. Өнөөдөр төрийн албанд ороход шалгуур маш өндөр байгаа хэрнээ нэг орчихсон хойно ажиллахад ямар ч хяналт байхгүй. Юу ч хийж болдог л байдалтай байна. Тэгэхээр бидний зүгээс төрийн албанд орох шалгуурыг багасгаад ачааллыг даах чадвартай хүмүүсийг төрийн албанд ажилууллахад маш сайн хяналт тавих системийг л бий болгоё гэж байгаа юм.

-Саяхан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс” үндэсний форум болж, шүүхийн үйл ажиллагааг шинэчлэх багц хуулийн төслийг боловсруулж эхэлсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дуу хоолойгоо хүргэдэг байгууллагын хувьд дээрх хуулийн төсөлд гар бие оролцсон уу?

-Манай байгууллагын төлөө­лөгчид форумд оролцсон. Форумын үр дүнгээс шүүхийн тухай хуулийг өөрчлөхөөр болсон байна билээ. Гэхдээ бид үүнтэй санал нийлэхгүй байгаа. Тухайлбал, хуулийг шинэчлээд асуудлыг шийднэ гэдэг худлаа. Хуулийг хичнээн өөрчлөөд хууль нь амьдралд хэрэгжихгүй бол бодит өөрчлөлт болж чадахгүй гэж бид үзэж байгаа. Харин эрх баригчид ямар нэгэн буруутай үйлдэл хийчихээд хууль руугаа бурууг чихээд байдаг. Хэрэв үнэхээр л шүүхийг шинэчлэх гэж байгаа бол Шүүхийн тухай хуулийг биш шүүгчдийн үйл ажиллагаанаас эхлэх ёстой. Тухайлбал, өнөөдөр буруу шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэг шүүгч байхгүй л байгаа биз дээ. Уг нь холбогдох хуулиудад нь хариуцлага хүлээлгэх механизмыг нь хуульчлаад өгчихсөн байдаг. Харамсалтай нь энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй.

-Үүнтэй холбоотойгоор асуухад “МАХН хэмээх товчлолыг Улсын Дээд шүүх хууль зөрчиж олгосон” хэмээх гомдол тасрахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн шүүгчдийн алдаатай үйлдлийн нэг жишээ юү?

-Бодит амьдрал дээр шүүхийн шийдвэрт эргэлзэх, итгэхгүй байх нь энгийн үзэгдэл мэт болсон шүү дээ. Үүний хамгийн сүүлчийн жишээ нь МАХН хэмээх товчилсон нэрийн асуудал юм л даа. Анх МАХН хэмээх намыг бүртгэхгүй гэдэг шийдвэр гаргачихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа юу ч өөрчлөгдөөгүй байхад нэрийг нь бүртгэчихсэн байх жишээтэй. Тиймээс үүний аль нь зөв гэдгийг бид мэдэхгүй болчихоод байна шүү дээ. Ер нь үнэн гэж нэг л байх ёстой. Тэгэхээр ийм хоёр үнэнтэй болчихоод байгаа тохиолдолд Монгол Улс цаашид явахгүй л гэх байна. Тиймээс буруутай шийдвэр гаргасан шүүгч нь хариуцлагаа хүлээх ёстой. Тухайлбал, Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн байх үед хоёр жил хорих ялаар шийтгэх шүүхийн шийдвэр гарсан атлаа хоёр сарын дараа Улсын Дээд шүүхээс “Энэ хүн хэрэг хийгээгүй байна” гээд цагаатгасан. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийг зургаан жил чанга дэглэмтэй шоронд хорих шийдвэр гаргаж байсан. Харин хэдэн сарын дараа тухайн хүн маань огт гэмгүй хүн болсон шүү дээ. Үүнээс харахад анхны шийдвэр гаргасан этгээдүүдийн шийдвэр няцаагдсан байгаа юм. Тэгэхээр анхны шийдвэр гаргаж, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байсан шүүгч нар өнөөдөр яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ гэдгийг л хөндөх ёстой. Үүнийг дүгнэдэг механизм нь шүүхэд байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголд 400 гаруй шүүгч байлаа гэж бодъё л доо. Тийм бол 400 хаантай л гэсэн үг болчихоод байна. Юу ч хийж болдог. Харин хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээдэггүй байж болдог. Энэ хүмүүс нэг л хууль хэрэглэдэг. Харин хоёр өөр үр дүн гаргаж байна. Тэгэхээр энэ гажиг системийг өөрчлөхийн тулд хуулийг шинэчлэхээс илүүтэйгээр хуулиа нэг мөр ойлгохгүй байгаа шүүгчдийг нэг ойлголттой болгож, хуулийг нэг санаагаар тайлбарладаг болгох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж