
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэрийг Английн шүүх гаргалаа. Английн нисэх онгоцны буудалд саатуулагдахаасаа хэдхэн сарын өмнө тэрбээр Монголдоо “од” болж байсан нэгэн. Авлигатай тэмцэх газар авлигачийг илрүүлэх овоо хараагаа түүн рүү чиглүүлж, “Б.Хурцад эрүү үүсгэв” хэмээн мэдээлсэн. Хариуд нь Б.Хурц дарга ч дуугүй суусангүй. “Зарим нэгэн хүн дуугүй байх ёстой шүү” гэх маягийн сануулгыг хэвлэлийн бага хурлаар зарласан. Энэ үед нь Авлигатай тэмцэх газрын шийдвэрийг Улсын ерөнхий прокурорын газраас “Хэргийг хэрэгсэхгүй болгов” гэдэг хариултаар нухчин дарах нь тэр. Ингэж цэвэр цагаан цаас болж үлдсэн тэрбээр Английн хилийг давснаараа гэм буруутан болсон юм. Дамирангийн Энхбат агсныг Францын нутгаас баривчилж, Бельги, Германы нутгаар дамжуулан хулгайлж ирсэн түүний тусгай ажиллагааг мэргэжлийнхэн нь бахархан дурсах нь бий. “Дэлхийн тагнуулын түүхэнд бол бас л том амжилт шүү дээ” гэж ирээд л… Гэвч тэд өнөөдөр “Бидэнд ч гэсэн нэг л өдөр ингэж бусдын золиос болохгүй гэх газаргүй шүү дээ” хэмээн шивнэлдэж суугаа гэвэл худлаа болохгүй. Учир нь, тухайн үед төрийн эрхэнд байсан улстөрчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олсон болж шоудахын тулд Д.Энхбат агсныг авчруулчихаад өөрсдөө нууцаа задалсан. Нэг ёсны ашиг нь тэдний талд, балаг нь үүрэг хүлээсэн Б.Хурцын талд эргэсэн гэсэн үг. Ингэснээр тэрбээр увайгүй улстөрчдийн ашиг хонжооны төлөөх золиос болох мянга, мянган аавын хүүгийн түрүүч болох хувьтай байж. Харамсалтай нь, энэ бол төгсгөл бус харин эхлэл байх магадлалтай юм.
Г.ОТГОНЖАРГАЛ"Улс төрийн тойм" сонин
