Нисгэгчид унаж байснаа ойлгосонгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Нисгэгчид унаж байснаа ойлгосонгүй

Нисгэгчдийн алдаа, техникийн найдваргүй байдал осолд хүргэсэн гэж Францын комиссийн эцсийн дүгнэлтэд өгүүлжээ. Нисгэгч нар нь онгоц унаж буйг ойлгож амжаагүй гэж комиссийнхан үзлээ. Тэд нисгэгчид яагаад онгоцоо тэгшилж чадаагүйг тайлбарлаж чадсангүй.

Францын нисэхийн ослыг мөрдөх BEA агентлаг Air France нисэх компанийн A330 аэробус Атлантын далайд 2009 онд сүйрсэн шалтгааны талаарх богино хэмжээний дүгнэлтийн илтгэлийг  өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Нийтдээ 228 хүний аминд хүрсэн ослоос хойш хоёр жил өнгөрч байна. Зөвхөн энэ жилийн хавар далайн ёроолоос гаргаж авсан “хар хайрцагнуудын” уншлагыг хийж чадсан нь комисст тус болов.  Комисс онгоцны осолд нисгэгчдийг буруутгасан тухай Reuters мэдээлэв.

Нислэгийн өндөр ба хурдыг тодорхойлох агаарын даралтын хэмжүүр Питийн гуурс гэх төхөөрөмж хөлдсөн байсан нь тогтоогдлоо. Үүний дараа онгоц өндрөө алдаж эхэлснийг нисгэгчид нь мэдээгүй ажээ. Хөлөг онгоц Рио-де-Жанейрогоос Парист нисэж байсан урт нислэг байсан учраас онгоц хөөрснөөс хойш багийн ахмад 52 настай Марк Дюбуа жолоодлогоо 32 настай Пьер-Седрик Боненд дамжуулаад унтахаар явсан байв. Бонен туршлага багатай, 2900 цагийн нислэгтэй хүн байсан гэнэ. Дюбуагийн нислэг 11 мянган цагтай байсан  ажээ. Онгоцонд Дюбуагийн эхнэр Изабель, дөрөв ба найман настай хоёр хүү нь байсан гэнэ. Гурав дахь нисгэгч нь 6,5 мянган цагийн нислэгтэй, 37 настай Давид Робер байв.

Ахмадыг явснаас таван минутын дараа багийнханд онгоц турбулентын бүсэд орж байгааг сануулжээ. Үүнээс дөрвөн минутын дараа автомат нислэгийн төхөөрөмж, автомат таталцаа ажилгүй болон онгоц унаж буй түгшүүрийн дохио ажилласан байв. Гэвч нисгэгчид түүнийг анзаарсангүй. Байн байн тасалдах дохио тэднийг төөрөгдүүлж байсан бололтой хэмээн илтгэлд тэмдэглэсэн байв. Сүүлийн удаа түгшүүрийн дохио 57 секундын турш ажилласан байлаа.

Эцсийн дөрвөн минутад нь онгоцны далавч нь уналтыг барьж чадахгүй аэродинамикийн уналтад оржээ. Нисгэгчид уналтыг зогсоохоор онгоцны хошууг өргөхөөр оролдсон байв. Үүнийг журмын дагуу доош буулгах ёстой байсан гэнэ. Жолооны ард тэр үеэр Робер байжээ.  Тэд байдал бишидсэнийг мэдээд ахмадыг сэрээсэн боловч оройтжээ. Онгоц секундын 180 метрийн хурдтайгаар усанд унав. Тэр нь онгоцонд байсан бүгдэд үхлийн мөргөлт болсон байна.

Илтгэлд тэмдэглэснээр бүхээгт үлдсэн нисгэг­чид хурдын заалтын төхөөрөмж найдваргүй ажил­лах үеэр хэрхэн хөдлөх, мөн өндөрт гар жолоод­логын дасгал сургуулилалтгүй байсан гэнэ. Air France компани нисгэгч нарыг буруутгах талаар яарахгүй байхыг мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад нисэхийн баг буруутай байсан нь ослын шалтгаан гэж ярих ёсгүй хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Францын нисэхийн ослыг мөрдөх BEA агентлаг өөрийн ээлжинд тэдний тайлан албан ёсны яллагаа биш хэмээн онцлов. Уг ослоор амь үрэгдэгсдийн 50 хүний цогцсыг энэ жилийн эхээр далайн ёроолоос гарган авсан байв. Дараагийн нэг сард нь өөр 104 цогцсыг гарган Францад хүргэн авчирсан байлаа. Бусад амь үрэгдэгсдийн цогцос нь олдоогүй өнгөрчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж