Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг. Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгдэгддэг гэсэн үг.
Өндгөн эс гадагшлах буюу овуляцийн хугацаа эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг. Тэр ч бүү хэл сар бүр харилцан адилгүй хугацаанд тохиолдож болно.
Бид сарын тэмдэгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог. Тэгвэл энэ мөчлөг дээр овуляцийг нэмээд үзье. Ингээд сарын тэмдэг ба овуляци гэсэн 2 үйл явц, сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа, овуляцаас сарын тэмдэг хүртэлх гэсэн 2 хугацаатай мөчлөг төсөөлцгөөе.
Сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн 13-20 хоног байдаг.
Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг. Бидний тооцоолох гол үндэс нь энэхүү 14 гэсэн тоо байх юм.
За тооцоогоо хийцгээе. Хэрэв сарын тэмдэг тогтмол бол тооцоход амархан.
Жишээ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой гэж бодьё. Овуляци болсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн овуляци нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд овуляци болно гэсэн үг.
Жишээ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт овуляци болно гэсэн үг.
Жишээ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт овуляци болно гэсэн үг.
Хэрэв сарын тэмдэг тогмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн.
Жишээ 4: Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг. Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдэгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.
Овуляци болох өдрөө тооцсон тул одоо тухайн өдрөө үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох боломжтой. Эр бэлгийн эс өндгөн эстэй умайн гуурсанд уулзаж үр тогтдог гэдгийг бид мэднэ. Өндгөн эс овуляци болсний дараах 16-24 цаг хүртэл үр тогтох чадвартай байдаг. Иймээс овуляци болох үеэр эр бэлгийн эс умайн гуурсанд очсон байх шаардлагатай. Эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 3-5 хоног хүртэл амьдарч чаддаг учраас овуляцийн өмнөхөн буюу овуляцийн үед “унтвал” үр тогтоно. Тэгэхлээр жирэмслэх боломжтой өдрүүд нь овуляци болохоос өмнөх 3 өдөр болон овуляци болж байгаа тэр өдрүүд юм.
Одоо овуляцийг тооцсон өмнөх дөрвөн жишээн дээрээ үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдээ хэрхэн тооцохыг үзүүлье.
Жишээ 1д: 14дэх хоногт овуляци болсон. Тиймээс өмнөх 3 өдрийг нь оролцуулаад сарын тэмдгийн 11,12,13,14 дэх өдрүүдэд жирэмлэх боломжтой гэсэн үг.
Жишээ 2т: 11дэх хоногт овуляци болсон. Тиймээс 8,9,10,11дэх өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Жишээ 3т: 17дэх хоногт овуляци. Тиймээс 14,15,16,17 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Жишээ 4т: 12-16 дахь хоногуудад овуляци. Тиймээс 9-16 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Эцэст нь хүүхэдтэй болох талаар бодож байгаа бол танд амжилт хүсье. Мөн жирэмслэлтээс хамгаалахад ч энэ аргыг ашигладаг. Гэхдээ сарын тэмдэгийн мөчлөгт өвчин эмгэг, стресс зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.