Б.Хурцыг шилжүүлсэнд МУ-ын Засгийн газар гомдолтой байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шилжүүлсэнд МУ-ын Засгийн газар гомдолтой байна гэв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-ний өдөр болж шүүх хуралдааны шийдвэрийг “Royal Court of Justice” Дээд шүүхийн хурлын танхимд энэ сарын 29-ний өдөр шүүгч Лорд Мосес нэхэмжлэгч хариуцагч талуудад танилцуулжээ.

Шүүхийн  шийдвэр манай эсрэг гарч, Б.Хурцыг Германы талд шилжүүлэх болсон талаар өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулах хуралд Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны консул Н.Батаа, өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар байлцсан байна. Шүүгч Мосес шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа өмгөөлөгч Алун Жонс “Монголын Засгийн газар давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Олон улсын шүүхэд хандах болно” гэж мэдэгджээ. Монголын Засгийн газрыг төлөөлж хуралд оролцсон ноён Э.Лаутерпахт, Б.Хурцын өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар давж заалдах шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан мэдэгдэл хийжээ.

Өмгөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд “Шүүгчийн гаргасан шийдвэрт Монгол Улсын Засгийн газар сэтгэл нэн дундуур байна. Улаанбаатарт сууж байсан Британийн Элчин сайд ноён Диксон айлчлалыг хөхүүлэн дэмжиж байсан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг хоёр талын харилцааны чухал асуудлаар Британийн Аюулгүй байдлын зөвлөлийн хүмүүстэй уулзаж, Лондонд зочлохыг зөвшөөрсөн сэтгэгдлийг төрүүлсэн. Гэтэл ноён Диксон ба Лондон дахь Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам Б.Хурцыг 2010 оны есдүгээр сард албан айлчлалаар хүрэлцэн ирэхэд нь баривчлахаар Британийн цагдаагийн албатай нууцаар хамтран ажиллаж байжээ. Б.Хурцыг тэрхүү визээр зорчин Лондонд ирмэгц нь баривчилна гэдгээ мэдэж байсан тул түүнд бизнес ангиллын виз олгосныг ноён Диксон мэдэж байсан  байна. Олон улсын эрх зүйн дагуу аливаа хүн Засгийн газраа төлөөлөн тусгай үүрэг гүйцэтгэж яваа бол баривчлагдахгүй байх халдашгүй дархан эрх эдэлдэг. Ноён Диксоны зүгээс айлчлалыг хөхүүлэн дэмжиж байсныг үл харгалзан Британийн Засгийн газар нь уг айлчлалыг хийх “зөвшөөрөл”-ийг илэрхий байдлаар өгөөгүй тул Б.Хурцыг Германы талд албадан шилжүүлэх ёстой гэж тус шүүхээс шийдвэрлэлээ. Тэр ч байтугай хурлыг тэргүүлэгч шүүгч гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам /ГХХНЯ/ зөвшөөрөл олгоогүй хэмээн нотолж, ГХХНЯ-наас анхан шатны шүүхэд ирүүлсэн захидал нь тус шүүхээс энэ баримтын эсрэг шийдвэр гаргах боломжгүй болгосон гэсэн тайлбар хийв.

Холбогдох үйл явдал хэрхэн өрнөсөн тухайд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж албан тушаалтнууд мэдүүлэг өгснийг шүүх дээр бүх тал хүлээн зөвшөөрч, онцгой асуулт хариулт явагдаагүй. Харин энэ хэргийн хувьд гол үүрэг гүйцэтгэсэн ноён Диксон болон ГХХНЯ-ны нэг ч ажилтан мэдүүлэг өгөөгүй. ГХХНЯ-наас гаргасан баримт нь Б.Хурцыг ирэхэд баривчлахаар бэлтгэж байсан ажилтнуудын хоорондоо солилцсон цахим шуудангуудаас түүвэрлэн авсан мэдээлэлд тулгуурласан. Үнэндээ Б.Хурцыг баривчлагдсаны дараахан ноён Диксон гэнэт эргүүлэн дуудагдсан бөгөөд үүний талаар ГХХНЯ шүүх дээр чимээгүй өнгөрсөн.

Б.Хурц болон Монгол Улсын Засгийн газар нь Дээд шүүх /Supreme court/-д давж заалдахыг хүсэхгүй байгаа бөгөөд ялангуяа “зөвшөөрөл”-ийн асуудлаар Дээд шүүх ч мөн ГХХНЯ өөрсдийн үйлдлийг эцсийн бөгөөд маргаангүй хэмээн  үзэж байгааг хүлээн зөвшөөрөх өндөр магадлалтай гэж үзэж байгаатай холбоотой юм. Бусад орны Засгийн газар үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байна. ГХХНЯ нь танай орны албан тушаалтнуудыг ирүүлэхийг хөхүүлэн дэмжсэн атлаа тэднийг албадан шилжүүлэхээр нууцаар төлөвлөж байж болох юм. Түүнчлэн шүүхийн энэ шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн улс орнууд Британийн элчин сайд нарт итгэл үзүүлнэ гэж үү. Монгол Улсын  Засгийн газар нь энэ асуудлаар Олон улсын шүүхэд хандах болно” гэжээ.

Б.Хурцыг Лондоны шоронд арван сар орчим хорьсны эцэст шүүхийн шийдвэр түүний эсрэг гарлаа. Ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногт хуралдаж, Германы  хуулийг судлах, давж заалдах боломж байгаа эсэх талаар зөвлөлдөх юм байна. Нэгэнт түүнийг Германы талд шилжүүлэх нь тодорхой болсон тул асуудал Герман улсын хуулийн дагуу шийдэгдэнэ. Манай талаас өмгөөлөгчөөр хангах, холбогдох баримт материал бүрдүүлэх, хууль судлах зэрэг арга хэмжээ цаашид авах аж. Б.Хурцыг хэзээ Герман улс руу албан ёсоор шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.


С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж