АНУ-ын шигшээ дасгалжуулагчаа халав

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

АНУ-ын шигшээ дасгалжуулагчаа халав

Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2007 онд томилогдож байсан Боб Брэдлиг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тухайгаа тус улсын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр мэдэгджээ. Gold Cup тэмцээнд чансаа доогуур Панамийн шигшээд 2:1-ээр хожигдож, мөн гол өрсөлдсөгч болох Мексикийн багт 4:2 харьцаатай ялагдсанаар тун ч тааруу амжилт үзүүлсэн учир АНУ-ын хөлбөмбөгийн холбоо дээрх шийдвэрийг гаргасан байна. Өдгөө 53 настай Брэдли уг нь Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийн амжилтыг шинэ төвшинд ахиулж, чамгүй амжилт үзүүлж байсан. Бараг хоёр жилийн хугацаанд ганц ч ялагдаагүй байсан Испанийн шигшээ багийг 2009 онд хожиж, 2010 онд Өмнөд Африкт болсон дэлхийн аваргад чамлахааргүй амжилт гарган, АНУ-ын шигшээг шилдэг 16-д шалгаруулж байсан юм. Түүнийг Премьер лигийн “Астон Вилла” клуб ажилд авахаар сонирхож байсан ч Америкийн шигшээг дахин дөрвөн жил удирдахаар өнгөрсөн жил гэрээгээ сунгасан байна. Америкийн хөлбөмбөгийн ерөнхийлөгч Санил Гулатти энэ тухай хэлэхдээ “Ийм шийдвэр гаргахад хэцүү байлаа. Гэхдээ бид өөрчлөлт хийхээс өөр аргагүй гэж үзсэн. Боб Брэдлид сайн сайхныг хүсч байна” гэжээ. Одоо Америкийн хөлбөмбөгийн холбоо шинэ дасгалжуулагчийг яаралтай томилох хэрэгтэй байна. Учир нь наймдугаар сарын 10-нд Мексикийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх бөгөөд дараа нь 2014 оны дэлхийн аваргын эрхийн төлөөх тоглолтуудаа хийж эхлэх юм. АНУ-ын шигшээг удирдах ээлжит эрхмүүдийн жагсаалтын нэн тэргүүнд Юрген Клинсманн, MLS-ийн “Реал Солт Лейк” багийн дасгалжуулагч Жейсон Крейс нарын нэр яригдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж