
Энэтхэг улсын Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патилын айлчлалтай холбогдуулж Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.Энхболдтой товч ярилцлаа.
-Энэтхэгийн Ерөнхийлөгчийн айлчлал эхэлж байна. Айлчлалын гол зорилго юу вэ?
-Манай хоёр орон өнө эрт цагаас оюун санааны түнш, сайхан харилцаатай явж ирсэн. Сүүлийн үед манай хоёр орны харилцаа бүх салбараар хөгжиж байна. Бид оюун санааны харилцаагаа иж бүрэн түншлэлийн хүргэж хөгжүүлнэ гэж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохирсон. Энэ хүрээнд айлчлалууд, Засгийн газрын комиссын хуралдаанууд болж байна. Энэ удаа Энэтхэгийн Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлал гэдэг утгаараа маш өндөр хэмжээнд тавигдаж байгаа. Энэ удаагийн айлчлалаар олон чухал асуудал дээр талууд тохиролцолд хүрнэ. Эдгээрээс товч дурдвал Энэтхэг улсад жил бүр манай 150 орчим оюутан суралцах боломжтой байдаг. Энэ тоог 200 болгож байна. Манай олон лам хувраг тус улсад шавилан суудаг. Тэдэнд гардаг гол бэрхшээл бол визийн асуудал. Олон жилээр шавилан суух шаардлагатай Гэтэл жилд нэг удаа заавал нутагтаа ирэх хэрэгтэй болдог. Ий болохоор визийн хугацааг сунгаж таван жил болгохоор хоёр улсын Ерөнхийлөгч тохиролцлоо.
Сүүлийн үед батлан хамгаалах, хил хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй, цөмийн энергийн салбарт хамтын ажиллагаа хөгжиж байна.
-Хоёр улсын харилцаа тэлэхийн хэрээр Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэх шаардлага бий болсон тухай сая хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа. Агаарын шинэ замыг хэзээ нээх вэ?
-Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд Энэтхэг улс Монголыг сонирхох сонирхол нь бодитой нэмэгдсэн. Энэтхэгийн бизнес эрхлэгчид, жуулчид орчин цагийн Монголын талаар их сонирхох болсон. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгээс Монголыг зорих иргэдийн цуваа нэмэгдэж байна. Монголоос Энэтхэг рүү явагчдын урсгал ч нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар Монголоос Энэтхэгт 800 орчим оюутан, лам хувраг байнга оршин сууж суралцаж байна. Анагаах ухааны салбараараа дэлхийд дээгүүрт үнэлэгддэг Энэтхэг рүү монголчууд эмчлүүлэхээр их явдаг болсон. Тэр дундаа нүдний мэс засал хийлгэхээр олон хүн очдог. Ийм бодит нөхцөл байдал үүссэн тул Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлддэг болох шаардлага гарч байна. Ийм нислэг байхгүйгээс болж иргэд бусад улс орноор дамжиж цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарж байгаа. Тиймээс энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх шинэ агаарын зам нээх асуудлыг нэлээд өндөр хэмжээнд авч хэлэлцэж, талууд тохиролцолд хүрч байна. Эндээс гарсан шийдвэрийг холбогдох байгууллагууд цаашид ажил хэрэг болгоно гэж найдаж байна.
-Энэтхэг улс Монголыг коксжсон нүүрсээ дэлхийн зах зээлд үнэгүй шахам гаргалаа хэмээн шүүмжилдэг. Монгол Улс нүүрс боловсруулах үйлдвэр баривал хамтарч ажиллах санал гаргаж байсан. Энэ удаагийн айлчлалаар энэ талын асуудал хөндөгдөх үү?
-Энэтхэгийн бизнес эрхлэгчид сүүлийн үед Монголыг маш их сонирхож байгаа. Үүнээс гадна аялал жуучлал, мэдээлэл, боловсрол, зөвлөгөө өгөх зэрэг салбарт анхаарал хандуулж байгаа. Тэдгээрийн дунд уул уурхай руу хандсан сонирхол их бий. Тиймээс манай улсын зарлаж байгаа олон улсын тендэрүүдэд Энэтхэгийн компаниуд олноор оролцож байгаа. Уул уурхайтай холбоотой ашиг сонирхлын нэн тэргүүнд Монголоос гаргаж буй нүүрсийг худалдан авах сонирхол бий. Цаашид нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, энэ тал дээр манай улстай хамтарч ажиллах саналаа Энэтхэгийн тал ирүүлээд байгаа.
Д.ОЮУН
.