
“Сайн чанарынх, үнэтэй худалдаж авсан” гээд сайрхан телевиз болгоноор сурталчлан байж тарьсан моднууд нь ургасан бол ингэж илүү үглэхгүй л байлаа. Ажлаа хийж чадаагүй дарга нартай ингэж л хариуцлага тооцъё. Цаадуул чинь шарилж зулгаахгүй гэж цэмцгэрхэж юуны магад. “Амны хаалт, харшлын эсрэг эм авч өгье” гэж хэлнэ. Гэхдээ хариуд нь “Үгүй, хариуцлагаа хүлээж, шарилж түү” гэж хэлэх юм шүү, бүгдээрээ. Ийнхүү шарилжинд дээрэлхүүлж, дайн зарлаж байтал удахгүй өвөл болж, утаанд ээрэгдэх нь. Хотын дарга нар маань утааг устгахад зориулж заншил ёсоороо тэрбум, тэрбумаар нь халааслах нь ойлгомжтой. Тэднийг хий дэмий юманд мөнгө үрж байхаар Улаанбаатарын иргэн бүрт утааны баг авч өг гэсэн ч яах вэ дээ. Уушгинд л утаа орохгүй байвал бусад нь хамаагүй. Жолооч нар утаанд юм харахгүй осол гаргах, хилийн дээс алхахад хувцаснаас утаа үнэртэх, нүүрс үнэд орох зэрэг энүүхэнд байна. Тэд ичихгүй бол бид ичих ёсгүй шүү дээ.
Р.САРАНГОО
