Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Энэ хүн бол Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат юм. Түүнийг Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн зээ, МУИС-ийн ректор Н.Содном агсны хүү гэдгээр нь олон нийт  андахгүй. Тэрбээр эцгийнхээ мэргэжлийг өвлөн ажил, амьдралаа цөмийн салбартай холбосон нэгэн. Даргын албан тушаалд очсон хэн бүхэнд байдаг бялдууч, тал зассан нялуун зан С.Энхбатад байдаггүй. Өөрийн зан ааш, аливааг удирдах арга барилаараа Цөмийн энергийн газрыг өдий зэрэгтээ авч яваа үүсгэн байгуулагч. Түүнийг үг дуу цөөтэй ч хэлье гэснээ хэний ч өмнө түс тас хэлчихдэг хатуу үгтэй, жинхэнэ мужик хэмээн нөхөд нь ярьдаг. Дэлхийн улс орон битгий хэл дотоодын байгууллагууд тоодоггүй байсан Цөмийн энергийн газрын үүдийг өнөөдөр дэлхийн томоохон компаниуд сахих болжээ. Үүнийг мэдээж тухайн байгууллагыг анхнаас нь удирдсан С.Энхбаттай холбохгүй байхын аргагүй. Аливаад нэр холбогдоод байдаггүй, нэр хол­богдохоор ч зүйл хийдэггүй гэгддэг С.Энхбатын толгойлдог салбар сүү­лийн үед олны анхааралд өртөөд байгаа юм. Учир нь Монголд “Япон, Америк зэрэг улс цөмийн хаягдлаа булах гэж байна” хэмээх мэдээлэл тэднийг ийн асуудлын цөмд оруулах болов. Өмнө нь нэг удаа ийм шуугиан дэгдэх үед Цөмийн энергийн газраас “Цөмийн хаягдал булах талаар огтхон ч яриагүй. Тиймээс та бүхэн мэдээллээ залруулна уу” гэсэн утгатай мэдэгдэл гаргасан. Гэтэл хэдэн сар ч болоогүй байхад дахин ийм мэдээлэл гарлаа. Үүнийг хэрхэн, яаж шийдэхээ Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат мэдэж байгаа байх. Учир нь тэр бол Монголоо гэсэн сэтгэлтэй, үнэнч шударга цөөнх, дарга нарын нэг шүү дээ. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж