Цөөнхийн засаглал мандан бадраг

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Цөөнхийн засаглал мандан бадраг

Ардчилсан Монгол Улс. Засгийн эрх нь бүх ард түмний гарт байдаг. Хүн ам цөөнтэй. Байгалийн баялаг ихтэй. Иймийн учир иргэд нь баян чинээлэг, элбэг хангалуун амьдрах боломжтой гэсэн гоё сайхан танилцуулгыг интернэтээс уншив. Уншчихаад нүдэндээ ч итгэсэнгүй. Энэ гайхал гадаад эр өөр оронд очоод түүнийгээ Монгол Улс гээд эндүүрчихсэн юм байгаа гэж бодов. Тэгсэн үгүй бололтой. Тэр монголчуудад сайн сайхан амьдарч болох асар их боломж байгааг л олж харж л дээ. Гэтэл бодит байдал дээр тийм байсангүй. Тийм боломж байхгүй болоод л бид ингэж амьдарч байгаа нь тодорхой шүү дээ. Заримдаа иймэрхүү төөрөгдөлд орох үе та бидэнд олонтаа гардаг. Яг л гайхамшгийн орны тухай зурагт хуудас, танилцуулга үзсэн мэт. Гагцхүү бодит үнэн нь нийтлэлийн эхэнд дурьдсан бүхэн эсрэгээ гэдэгт бий.

Тухайлбал, Монголд хүлээн зөвшөөрөгдсөн ард­чилал хэзээ ч байгаагүй хойшдоо ч байх итгэл найдвар хомс. Хэдийгээр 1990 оны үед өрнүүлсэн ардчилсан хувьсгал та бидэнд эрх чөлөөг өгсөн ч энэ нь дэлхийн сонгодог ардчилалтай харьцуулах юм бол урвуу хамааралтай. Та бод л доо, ардчилал байлаа, байлаа гээд танд мөнгө байхгүй бол та УИХ-д нэр дэвших нь бүү хэл төрийн албанд орж чадахгүй. Эс бол уншигч таны ах дүү хамаатан саданд өөрийг тань өргөж, түших хүн байхгүй бол төрийн албыг зүүдлээд ч хэрэггүй.

Бараг л хэтрүүлсэн хүнд зүүдлэхэд ч ах дүүгийн нөмөр нөөлөг, сан­хүүгийн боломж бололцоо хэрэгтэй. Энэ бол Монголын ард­чилал гажуудаж, жинхэнэ утгаараа бус төгсгөлөөсөө уншигдах болс­ны бодит нотолгоо. Юу яасан ардчилал…Ардчиллаар лоозогносон цөөнхийн засаглал бүрдэх болсны үндсэн шалтгаан.

Улс төрийн намын хувьд гэхэд хувь хүний сонголтыг шуудхан хоёр намын нэрийн хуудсыг үзүүлээд “Алийг нь авах вэ” гээд л асуучихна. Үүний төлөө ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж буй. Ардчилсан нам нь арай дөнгүүр юмуу гээд харахаар хаа байсан нөгөө 20 жилийн өмнөх кадрууд. Зарим нэг нь нэг өдөр “Би хамтарсан Засгийн газрыг хамгаалсан шиг хамгаална аа” гэж чанга хашгирсан хэрнээ маргааш нь байдгаараа бахардаж ирээд л “Би энэ Засгийн газрыг огцруулахгүй бол улстөрч болсны минь хэрэг алга” гээд л гөжчихнө. Үнэндээ энэ намын үнэ цэнэ иймэрхүү инээдмийн жүжиг дээр тогтчихсон гэж хэлж болно. Хоёрын жилийн өмнөх цэл залуу улстөрчийн сэтгэл, зүрх нэг л биш ээ. Ардын намын тухайд ч тэр. Ах намын буурийг 25-тай залуу өөрийнхөө цээжээр харуулах гээд улаан зангиа, хар хослолоор гангарч, хоолойгоо хамаг бүдүүн өнгөөр нь дуугаргаж, тэрүүхэндээ цээжээ төвхийлгөөд алхалчихна. Хэлж, ярих нь бөөн намба. Сураг сонсох нь ээ, “УИХ-ын гишүүний агентлагийн дарга хамаатны ахийнх нь хүүхэд юм гэнэ” гээд л ярилцана. Үнэндээ бас л онигоо. Итгэл үнэмшлийнх нь цар хүрээ нэг иймэрхүү.

Ийм байхад бид “Ардчилсан Монгол Улсын иргэн” гэж цээжээ дэлдэх ямар хэрэг байна. Шууд л “Үндсэн хуулиараа цөөнхийн засаглалыг үүрд мөнх хэмээн тунхаглаж, ардчиллаас урвасан Монгол Улс” хэмээн дэлхий нийтэд зарлая. Ийн зарлах болсон шалтгаан дээрхээр дуусахгүй ээ. Учир нь, та одоогийн УИХ-ыг хар л даа. “Хаан уу, заан уу” гэмээр 76 хүн бие, биенээ өмгөөлөн хамгаалах их үүргийг биелүүлэх гайхамшигтай увидастай. Ингэхдээ Ардын намын байна уу, Ардчилсан нам байна уу хамаагүй. “Энэ УИХ-ыг бүрэн бүтэн авч үлдэх хэрэгтэй” гээд л зүтгэчихнэ. Тэгсэн хэрнээ олон нийтийн өмнө болохоор “Ардчилсан нам муу. Ардын нам манайхаас муу” гээд л шүүмжлээд унана. Сүүлдээ бүр “Та нар биднийг өөрсдөө л сонгоо биз дээ. Нэгэнт сонгосон юм байж сонгуулийн хугацаа дуустал дуугүй байх хэрэгтэй ш дээ . Өөрсдөө үүргээ биелүүлж, зөв хүнээ сонгоогүй юм байж биднийг огцруулна гэж яриад байхдаа яадаг юм бэ” хэмээн гомдоллодог болчихсон. Янз нь, ард түмэн нь “Нээрээ ч тийм дээ. Эдний муу байгаа нь бидний л муугийнх шүү дээ” гэж гэмээ ойлгох ёстой бололтой. Сонгоно, сонгосныхоо дараа загнуулна, загнуулсныхаа дараа дуугүй сууна…Энэ чинь одоо юу вэ. Монголчууд тайван тулдаа л ингэж тэсдэг байх.

Иймд иймэрхүү байдлаар элэг доог болж суухаар шууд Үндсэн хуулийн 1.2.1 дүгээр заалтыг өөрчилж, ард түмний хүсэлтээр эцэг хуулиа шинээр бичих цаг ирэв бололтой. Нэг ёсны “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн дээрх заалтыг “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээсээ тасарсан цөөнхийн мэдэлд байна. Тэрхүү цөөнх нь төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн өөрсдийн багаасаа сонгон шалгаруулж, төрийн эрх барих төлөөлөгдийн байгууллагыг бүрдүүлнэ. Энэ эрх нь халдашгүй дархан байх бөгөөд ард түмэн буюу нийтийн эрх ашгийг хуулийг хориглоно” гэж өөрчлөх явдал юм. Ингэснээр та бид ч эрх мэдэлтнүүдээс үүрэг нэхэх эрхгүй болж, тэд ч үүрэг хүлээсэн болж жүжиглэх шаардлагагүй болох юм. Товчхондоо “Ардчилал зөвхөн цөөнхийн өмч байна” гэсэн үг.

Ах нь Ерөнхий сайд байхад хүргэн нь дэд сайд. Аав нь Монголбанкны ерөнхийлөгч байхад хүү нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн. Хүү нь төрийн өмчит компанийн захирал байхад аав нь өөр нэг компанийнх нь захирал. Нөхөр нь сайд байхад эхнэр нь агентлагийн хэлтсийн дарга гээд л явж өгнө шүү дээ. Хууль бусаар болоод байгаа үйлдлийг зүгээр л хууль ёсны болгоод баталчихвал үүн шиг сэтгэл амар зүйл гэж хаа байх вэ. Ёстой “Тэнэгийн дотор тэнүүн” гэдэг шиг л “Цөөнхийн засаглал мандан бадраг” хэмээн ерөе.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж