Филиппинд далайн хар шуурга болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Филиппинд далайн хар шуурга болж байна

Филиппинд мягмар гаригийн шөнө дундаас эхэлж хүчтэй далайн шуурга тавьж, багаар тооцоход есөн хүн үрэгдэж, хэдэн мянган иргэдийг орон гэрээ орхин дайжихад хүрчээ. Шуурганы улмаас Лузон арлын зүүн хэсэгт үер болж хөрсөнд нуралт үүссэн байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа ба одоогийн байдлаар 500 мянга орчим айлын байшин усанд автаад байгаа ажээ.
Шуурга Камаринес Норте мужийг 90 км/цагийн хурдтай дайрч, одоо баруун хойд зүгийг чиглэж явна. Орон нутгийн гамшигтай тэмцэх албанаас уг үерийг сүүлийн таван жилд тохиогоогүй үер болж байна хэмээн тайлбарлаж байна. Цэргүүд, эргийн хамгаалалтын ажилтнууд усанд автсан байшингуудын дээвэр дээр байгаа иргэдийг аврах ажиллагаанд дайчлагдсан бөгөөд үерийн ус, шавар гол замуудыг боосон байдалтай байна.
Эндсэн хүмүүсийн дотор гурван бага насны хүүхэд хөрс нурах үед дарагдаж амиа алдсан бол хоёр эрэгтэй модонд даруулж нас баржээ. Филиппин улсын арлууд хоорондоо нэлээд алслагдсан зайд оршдог тул нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулахад хүндрэлтэй байгаа талаар тус улсын аврах албанаас мэдээлжээ.
Шуурга лхагва гаригт Квизон мужийг дайрч, цаашаа Булакан, Пампанга мужийг чиглэж Филиппиний нийслэлд ойртох төлөвтэй байна. Энэ үеэр Манилагийн дунд сургуулиудыг хааж, 20 орчим орон нутгийн нислэгийг цуцлаад байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж