Диваажингийн арал дахь алуурчин

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Диваажингийн арал дахь алуурчин

Брейвик гэх 32 настай, царайлаг, цэнхэр нүдтэй, цайвар үстэй норвеги залуу нуурын эргийн усан буудалд Норвегийн цагдаагийн офицерийн хувцастай хүрч иржээ. Үүнээс хэдэн цагийн өмнө тэрээр тэсрэх төхөөрөмжтэй  машиныг Норвегийн Засгийн газар байрлах хорооллыг төвд орхиод дараа нь дэлбэлсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа. Дэлбэрэлтэд наад зах нь долоон хүн амиа алдан олон хүн шархтсан. Ослод бөмбөг дэлбэлсэн нь өмнөөс сайтар бэлтгэсэн анхаарал саринуулах аллагат үйлдэл байжээ гэж одоо үзэж байна.

Ерөнхий сайд  Йенс Столтен­бергийн (Jens Stoltenberg) амь насанд халдах гэж байгаа мэт харагдах тэр аллага эхлээд исламын хэт даврагчдын үйлдэл мэтээр хүмүүст ойлгогдож, Норвегийн терроризмын эсрэг алдартай багийн гол хүчнийхэн Ослод цуглав. Энэ үеэр Брейвик Утойя аралд очиж байлаа. Тэрээр арлын харуулуудыг хуурахаар сайтар хийсэн  хуурамч үнэмлэхээ харуулж  нэвтэрчээ. “Тэрээр машинаас гарч ирэн үнэмлэх харуулаад Ослогийн хэрэг явдлын дараа түүнийг ийш нь аюулгүй байдлыг шалгуулахаар явууллаа” гэж хэлсэн гэж лагерийн харуулын нэг Симен Бренден Мортенсен (Simen Braenden Mortensen) долоо хоногийн “Verdens Gang” сонинд ярьжээ. “Тэрээр их итгэлтэй харагдаж байсан. Тэгээд завь дуудаж бид арлын зүг явсан. Хэдэн минутын дараа бид буун дуу сонссон” гэж тэр хэлэв.

Брейвик аралд ирээд хүмүүс лагерийн гол байрны зүг яарч байсныг харлаа. Одоо “Норвегийн 9 / 11” гэж нэрлэгдээд байгаа Осло дахь дэлбэрэлтийн эвдрэл сүйрлийн зураглалыг телевизээр харахад тэдний зарим нь гар гараасаа хөтлөлцөн уйлан явж байжээ. Жил бүр Норвегийн ажилчны намын залуусын жигүүрийнхэн энд цуглардаг. 1887 онд байгуулагдсан энэ лейборист нам дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвегийн улс төрийн гол хүчин болж иржээ. Үе үе богино хугацаанд нам нь засгаа консерватив намд шилжүүлдэг. Лейборист намын амралтын газарт намын залуучуудын жигүүрийнхэн цугларсан байв. Тэд ирээдүйн улс орны удирдагчид болох, эрх баригчид элитийн хүүхдүүд байсан юм.  Гэрчүүдийн яриагаар Брейвик гол байранд 80 орчим хүн байсан. “Бид тэнд цугларан Ослод юу болсныг ярилцах гэсэн юм” хэмээн амьд гарсан 16 настай Хана (Hana) охин ярьж байна.

Цагдаагийн дүрэмт хувцастай, чихэвчээр чихээ тагласан Брейвик хүмүүст гол байранд ирэхийг тушаасан бөгөөд “Би бүгдийг цуглуулмаар байна” гэж хэлсэн хэмээн Хана хэлэв. Дараа нь Брейвик пулемётаа савлуулан төв байр руу гүйн орж цугларсан хүмүүсийг буудаж эхэлжээ.

Дэлхийн бүх анхаарал Ослод төвлөрөөд байсны улмаас Норвегийн цагдаа нарт болсон хэрэг явдлын учрыг ойлгон яргаллын газар ирэхэд нь цаг гаруй хугацаа шаардагдсан байна. Хүүхдүүд орилолдон байрнаас гүйн гарж зугтаж байлаа. Тэднийг араас нь алуурчин буудаж байсан юм. Гэрчүүдийн яриагаар Брейвик тайвнаар бут сөөг, гуу жалга дамжин хүмүүсийг  хайж буудаж явжээ. Тэрээр тэднийг нуурын эрэг хүртэл 500 ярдын нарийн зурвасаар мөрдөн хөөж, хүүхдүүд ус руу харайж орон зугатахыг оролдож байв. Зарим нь үлдэгсдийг аврахаар гарч ирсэн завь хүртэл сэлж очиж чадсан юм.

Утойя арлын довтолгоонд өртсөн  23 настай Хамшажини Гунаратнам (Khamshajiny Gunaratnam) гэдэг оюутан бүсгүй болсон хэрэг явдлын талаар блогтоо бичсэн байна. Тэрээр гадаа нь найз нөхдийг нь хөөн агнаж байгаа алуурчнаас нуугдах гэж төв байрны ариун цэврийн өрөөний шалан дээр хорчийн сууж байхдаа ямар их шаналж зовч байснаа бичсэн байна. Боломж гарангууд Гунаратнам болон тэдний найз нар нуурын зүг гүйж, цэл хүйтэн усанд харайн тэднийг хүлээн байсан завийн зүг сэлжээ. “Завь хүрээд ч би тайвширч чадахгүй байсан. Тэр пулемётаараа биднийг онохоор л байсан!” гэж тэрээр бичжээ.

Арлын ойролцоо амьдарч байсан 42 настай Анита Лиен (Anita Lien) “Хүүхдүүд ус руу үсрэн орж аюулаас холдохыг хичээж байлаа. Бууч тэдний араас нь буудаж байсан. Дөнгөж 14-19 насны залуус…” гэж аймшигт аллагыг харснаа ярьж байв.

Баасан гаригийн орой Бреви­кийг баривчлах үед таралд 84, Осло хотод долоон хүний амийг хөнөөсөн гэгдэж байв. Бямба гаригт цагдаагийнхан арлыг самнан нуурнаас амь үрэгдэгсдийг хайхад нуурын эрэгт дэлбэрээгүй тэсрэх бодистой фургон илрүүлсэн юм. Хэрэг явдлыг цэгнэн ойлгохыг норвегичууд оролдож байх зуур Брейвикийн тухай зарим мэдээлэл  тодорч байна. Тэрээр өөрийнхөө галзуурлыг “Аль-Каидагийн” 2001 оны есдүгээр сарын 11-ний аллагаас илүүтэйгээр Тимоти Маквей  (Timothy McVeigh) гэгчийн 1995 онд Оклахома-Сити хотноо 168 хүнийг хөнөөсөн яргалалтай адилтгаж байсан бололтой.

Норвегийн цагдаагийнхан түүнийг консерватик бөгөөд хэт бурууны даврагч, үндсэрхэг үзэлтэн, христийн фундаменталист гэж үзэж байна. Түүний үзэл бодлыг тогтооход бэрх. Тэрээр коммунистуудыг ч лалынхныг үзэн яддаг барууны үзэлтэн юм шиг байгаа юм. “Венийн хаалга” гэх мэтийн барууны үзэл санааны сайтуудын  блогыг тогтмол уншдаг, Fjordman гэх блогчийн дагалдагч. Довтолгооноосоо хэд хоногийн өмнө Facebook сүлжээнд өөрийн хуудсаа нээлгүүлэн Уинстон Черчилль, Голландын хэт баруунтан Герт Вилдерс (Geert Wilders) ба Норвегийн нацистийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний баатар Макс Манус (Max Manus) зэрэг хүмүүсийг оруулсан өөрийн баатруудаас иш татсан татсан бичлэг тавьсан байв. Европын нийгэмлэгт тэргүүлэх зорилгоор лалын нэвтэрч байгаа гэх санааны тухай барууны Еврабии гэх хуйвалдааны онолыг дагагч мөн социализмын эсрэг, гадаадын ноёрхлыг Норвегид дэлгэрүүлэхгүйн төлөөх тэмцлийн дайчин гэж Брейвик өөрийгөө тооцдог гэнэ. “Венийн хаалга” гэх сайтаас жишээ татахад эртний Вена хотын зураг тавиад “1683 онд силам Венийг бүслэн хааж байхдаа христийн Европоор мөлхөн тарахдаа бэлэн байв. Одоо бид маш хуучин дайны шинэ үед ирээд байна” гэсэн тайлбар хийсэн байгаа.

“Түүний хувьд ямар шалтгаан байсныг хэн ч мэдэхгүй байна. Харин тэр Европт Евр-Арабын аюулыг сануулах мөхлийн үйлийн элч мэтээр өөрийгөө үзэж байгаа юм шиг” хэмээн Шведийн Үндэсний цэргийн коллежийн тероризмын шинжээч Магнус Рансторп (Magnus Ranstorp) TIME.com-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Рансторп нь Брейвикийн хэдэн арван блогпостыг судлан харжээ. Брейвик 2003 онд Беретта гар бууны лавлахыг интернэтээс хайсан байна. Гэхдээ Брейвик буутай болохыг хүссэн үү эсвэл санаандгүй авсан уу гэдгийг тэр мэдээллээс тогтоох аргагүй. Осло ба Утойягийн довтолгоог тэр сайтар боловсруулан бэлтгэж үйлдсэн ч тэрээр хэзээ нэгэн цагт цэргийн бэлтгэлд байсан юм шиг байгаа юм. Одоо хаагдаад байгаа  Facebook хуудасандаа тэрээр World Of Warcraft ба Modern Warfare 2 компьютерийн тоглоом дуртай, хобби нь ан агнуур гэж бичиж байжээ. Өөрийн төрөлх хотоо Осло гэж нэрлэсэн байна.

Тэрээр Ослогийн аллагаа Утойягийнх шигээ маш нямбай, нарийн бэлтгэжээ. Түүнд машины  бөмбөг бэлтгэхийн тулд гурван тонн бордоо хэрэгтэй байв. Брейвик зургаа эсвэл долдугаар сард Ослогоос Рена гэх жижиг хөдөөгийн хотод ирээд «Breivik Geofarm» гэсэн аж ахуйн нэгж байгуулан тэр бордоог амархан авчээ. Тэрээр уг фермийн цорын ганц эзэмшигч гэгдэж байсан бөгөөд фермээ бөмбөг бэлтгэх халхавч болгож байсан бололтой. 

Цагдаа аллагаас исламын ул мөр олоогүй шигээ Брейвик тодорхой нэгэн барууны бүлэглэлтэй холбоотой гэх баримтыг бас олсонгүй. Норвеги, Швед хоёр 1990-ээд онд неонацист хүчирхийллийн долгионтой тул­га­раад тусгай үр дүнтэй хөтөл­бөрүүдийг хэрэг­жүүлсэн нь ам­жилт­тай болж байсан. Тиймээс сүүлийн илтгэлдээ Европт ийм довтолгоо гарч болохоор барууны хэт даврагсдын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэж байсан юм. Цагдаагийнхан аллагын  учир шалтгаан, ажиллагааных нь цар хүрээний талаар зөвхөн таамаглал гаргахаас өөр аргагүй байна. Тэрээр ганцаараа байв уу, эсвэл өөрийн зорилгоор засаглалын бэлгэдлийг тэргүүнд тавьсан барууны үзэлтэй галзуу хорон санаатан байв уу гэдэгт л анхаарлаа хандуулж байна.

“Оклахоматой  зэрэгцүүлж тавихаар. Үүний ард барууны хэт даврагчдын ямар нэгэн хүч байгаа гэмээр ноцтой хэрэг” хэмээн Лондон дахь Нью-Йоркийн их сургуулийн салбарын шинжээч Хагай Сигал (Hagai M. Segal) өгүүлж байна. Түүний ард үүр маягийн бүлэг байсан бол би гайхахгүй. Иймэрхүү зүйлийг ганцаараа хийхэд хэцүү гэж тэрээр нэмэн хэлэв.

Лавлахад дэлхийн хамгийн сайхан нутаг гэж Норвегийг нэрлэдэг.  4,8 сая хүнтэй жижиг үндэстний сайхан байгальтай том улсад хохирлоо тооцсон гашуун өдрүүд нүүрлээд байна. Өнөөдөр норвегичууд амгалан тайван өнгөрсөн үеээ санагалзан мөрөөдөх болно. Утойя  юу яаж өөрчлөгдсөний жишээ боллоо. “Диваажингийн арал там болон хувирлаа” гэж ерөнхий сайд Столтенберг мэдэгдлээ.

Эх сурвалж: A Killer in Paradise: Inside the Norway Attacks

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж