Хоёр банкийг талцуулсан 21 мянга

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Хоёр банкийг талцуулсан 21 мянга

Хөгшин хүнд 21 мянган төгрөг өгснөөр “хүний хөгжил” болох уу? Оюутолгойн ордын урьдчилгаа татвараас иргэн бүрт 21 мянган төгрөгийн хувь хишиг түгээх тухай асуудал УИХ дээр яригдаж эхлэх үед тавьж байсан энэ асуултын хариу ч одооноос гарч эхэлж байна даа.

Хаан банк “Ядуу зүдүү, бохир хувцастай хүмүүст Хүний хөгжил сангийн мөнгө тараахаа бид болилоо, ажилтнууд үүнээс чинь болж бөөс хуурсанд баригдахдаа тулаад байна. Захын хорооллынхоо хүмүүст өөр банкаар дамжуул, эсвэл халамжийн байгууллагууд нь өөрсдөө тараана биз” гэх маягийн зүйл ярьсан бололтой. Жаахан хэтрүүлэгтэй болохоос биш үнэн л үг. Гэтэл төр гуай уурлаад “Тэгвэл хотын төвийнхнийгөө ч гэсэн өг” гэж хэлээд Хүний хөгжлийн сангийн мөнгө авдаг иргэдийн бүх мэдээллийг Хадгаламж банкинд шилжүүлсэн байна.

Тэгээд одоо Хаан, Хад­га­ламж хоёрын хооронд хэн нь илүү эх оронч вэ, хэн нь харин “баба” вэ гэдэг тэмцэл явж байна. Хаан банкинд байсан иргэдийн мэдээллийн санг бүгдийг нь Хадгаламж руу шилжүүлж, Хаан банкны Виза картыг хугалж хаяад, Хадгаламж банкны визаг дахин өгөхөөр болж байгаа юм байх. Түүгээр ч зогсохгүй Хадгаламжийнхан Хүний хөгж­лийн мөнгийг иргэдэд түгээ­хийн тулд 1,4 тэрбум төгрөг заран байж 72 салбар нэгжийг шинээр байгуулсан гэнэ. Ингээд Хүний хөгжил сангийн 21 мянга иргэдэд ашиг тусаа өгөхөөсөө илүү түүнийг тараах ажилд хамаг хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр урсч байна гэсэн үг.

Харин үр дүнд нь сар бүрийн 15-нд Хүний хөгжил сангийн мөнгө өгөхтэй зэрэгцэн дэлгүүрүүд хүнснийхээ үнийг нэмж, архины бор­луулалт, согтуучуудын тоо хэвийн хэмжээнээс өсч бай­гааг статистикийн мэдээ харуулж байна. Гэвч төрийн байгууллагууд үүнийг үл хараач болон нүдээ аниад “Хаан банк нийгмийн хариуцлагагүй байна, Хадгаламж банк гого” гэсэн юм яриад, хоёр банкийг хооронд нь талцуулж байх жишээтэй. Уг нь бол аль аль нь ашгийн төлөө бизнесийн байгууллага. Ашигтай байсан бол хэн хэн нь уралдаад үүнийг хийх байсан.

Ашиггүй л байсан учраас, ядахдаа л 21 мянгыг түгээхийн төлөөнөө хүн бүрт зарж байгаа цаг хугацаа, хүч хөдөлмөр хайран учраас өдийг хүртэл банкуудын хооронд өрсөлдөөн яваагүй хэрэг. Гутлаа чирсэн хэдэн нөхөрт ганц өдрийн хоол­ны мөнгө өгөхийн төлөөнөө 100 төгрөгийн мэдүүлэг бичээд сууж байхын оронд 200 мянгын зээл ганц хүнд өгөөд хүүгээ авах нь банкныхны ажил, бизнесийн утга учир. Тийм учраас иргэн бүрийн 21 мянгын төлөө өрсөлдөх эрүүл ухамсартай банкир лав дэлхийд байхгүй. Харин Монголд бол “төр” гэдэг хадны мангаа хамгаас хүчтэй учраас айсандаа дуртай ч дур­гүй ч оролцож байгаа хэрэг.

Анх 21 мянгыг тараахаар улсын төсөвт 805 тэрбум төг­рөг суулгаж байхад иргэд, олон нийт, хэвлэлийнхний зүгээс эцэс төгсгөлгүй шүүмж өрнүүлж,  “Энэ мөнгө чинь 20 мянган айлыг орон сууцаар хангачих мөнгө байна шүү, нөгөө “Утаагүй Улаанбаатар”-аа ядаж санхүүжүүлээч ээ” хэмээн бухимдацгааж байсныг эрхмүүд санаж л байгаа байх. Хүүхдийн эмнэлэг, олон улсын стандартад хүрсэн оношлогооны төв, аж­лын байр гээд юу бол юу хийж болох мөнгө байлаа л. Хүн амынх нь тал шахам хувь хавдрын анхан шатны шинж тэмдэгтэй, хүүхдийн ганц эмнэлэг ч байхгүй, ажил­гүйчүүд, ядуучууд нь нийт өрхийнхөө гуравны нэгээс дав­чи­хаад байхад энэ тал дээр гар тэнийж болох л байсан.

Харин Монголын төрд тийм бодлого, чадавх байгаагүй учраас хамгийн хялбар замыг нь сонгож, хавтгайруулан тарааж өгсөн хэрэг. Одоо тэгээд хэмжээ хязгаартай саванд хэмжээгүй их зүйл багтаах гэж зүтгэсний гор гарч, амсраар нь чихсэн зүйл ёроолоороо зад тавьж байгаа нь энэ. Банкныхны энэ маргаан.

Өгвөл өгсөн шиг өгөөд, хаявал хаясан шиг хаях гэж бас нэг шалгуур байдаг. Харин манай төрийнхны “өглөг” бол­сон Хүний хөгжлийн мөнгө өөр олон зүйлийг залгисныг сануулах юун. Хүүхдийн мөнгө гэж өмнө өгдөг байлаа, Хүний хөгжлийн сургаар алга болсон. Төрийн албан хаагчдын нэг хүүхдийн дээд боловсрлын зард­лыг улсаас даадаг байлаа, оюутан бүрийн 500 мянгын золионд оргүй болсон. Угаасаа анхнаасаа иргэдээ ингэж ял­гавар­лаж, төрийн албан хааг­чийн хүүхэд үнэгүй сурна, хувийн хэвшлийнхнийг үнэтэй сургана гэдэг нь буруу байсан л даа. Гэхдээ тэр нь нэг гараараа өгөөд, нөгөө гараараа авч бай­гаа энэ төрийн хоёр нүүрийг зөвтгөх шалтгаан болохгүй.

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жил болсны дараа арай гэж баталсан Хүний хөгжлийн сангийн хууль гэж бий. Сангийн эх үүсвэрийг Оюу­толгойн ордын урьдчилгаа төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэх мэт уул уурхайн баялгаас орж ирэх дөрвөн төрлийн татвараар санхүүжүүлэхээр болсон. Уул уурхайгаас орж ирж байгаа ихэнх мөнгө энэ ёроолгүй шуу­дай руу урсч байна гэсэн үг.

Энэ оны эхний хагаст Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөрийг иймэрхүү маягаар “идээд” дууссан хууль тогтоог­чид хаврын чуулганы дундуур Сангийн сайдыг нэгдсэн хурал­даан дээр дуудаад “Одоо Тавантолгойгоос урьдчилгаа төл­бөр олж ир. Тэгэхгүй бол Хүний хөгжлийн мөнгийг өгөх аргагүй боллоо. Сонгууль хаяанд ирчихээд байхад хаашаа харж үхэх юм, халаг хувхай” хэмээн харааж загнаж байсан удаатай. Гэрээгээ байгуулаагүй Засгийн газарт урьдчилгаа төл­бөр өгдөг тийм “хамуурсан” толгойтой нөхөд дэлхийн зах зээл дээр мөнгө босгодоггүй л байлгүй. Тэгээд аргаа барсан “Эрдэнэс Тавантолгой”-нхон юу­гаа ч юм барьцаанд тавиад 35 сая ам.доллар банкнаас зээлж өглөө ч гэлүү. Хөгийн л юм дуулдаад байсан. Одоо тэгээд нөгөө мөнгө нь дахиад тасалдахаар хаанаас, хэнээс гуйх гэж байгаа юм, бүү мэд. Ирэх жилээс оюутан бүрт өгөх сар бүрийн 70 мянга бас энэ төсөв дээр нэмэгдэнэ.  

Уг нь бол хоол идэхийн тулд эхлээд гараа хөдөлгөх хэрэгтэйг жирийн хүн бүр мэднэ. Харин манай дарга нарт тийм наад захын зарчим үйлчилдэггүй юм билээ. Аргагүй, ажил хийж, хөлсөө дуслуулж үзээгүй олон­хи нь төрийн толгойд гараад төсвийн нэртэй, эзэнгүй хөрөн­гөн дээр суучихаар тэгдэг ч байх. Харин хөөрхий ядарсан олонхи нь нөгөө мөнгийг нь авахын тулд сар бүрийн 15-нд банкны гадаа хар үүрээр, хэдэн өдрөөр дугаарлаж, хүйтэнд нь хөлдөөд, халуунд нь харваад дуусах янзтай.

Хэрвээ үнэхээр л хүнээ хөгжүүлье гэсэн бол энэ мөн­гөөр ядахдаа өөрсдөө чаддаггүй юм бол зардлыг нь даагаад гадаад дотоодын их дээд сур­гуульд залуусаа явуулж, дэл­хийн төвшинд хүрсэн хэдэн топ менежерийг, инженер, техно­логич­той нь бэлтгээд аваад ирсэн бол… Тэгээд энэ урагшаа алхаж өгдөггүй уул уурхайн төслүүд дээрээ суулгаад, цалинг нь өгсөн шиг өгөөд, шаардлагаа тавьсан шиг тавьсан бол илүү үр ашгаа өгөх байсан биз.

Эзэнтэй онигоо нэгийг ярьж өгье. Өнгөрсөн жил Зас­гийн газар өөрийнхөө хөрөн­гөөр уртаашаа яс 77 аж­лын байрыг шинээр бий бол­­го­сон юм. Худлаа гэвэл Зас­гийн газрын хуралдааны тэм­дэг­­лэлээс хараарай. Тэд нь Хүний хөгжил сангийн 21 мянгыг иргэдэд хүргэхийн тулд орон нутагт шинээр бий болгосон халам­жийн ажилчдын орон тоо. Харамсалтай нь тэдний цалинг ч бас төсвөөс төлдөг юм даа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж