Дархан хот 50 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Дархан хот 50 нас хүрлээ

Ардын хувьсгалын 90 жил, Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн үндэсний их баяр наадам есөн хөлт цагаан тугаа залснаар эхэлсэн юм. Энэ удаагийн ойн баяр наадмын нээлтэд Залуучууд театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд болон Монгол улсын алдар цуутай уран бүтээлчид оролцож, н ая дуугаа өргөсөн юм. 50 бий биелээч бийгээ биелж, 50 сурагч Хүүхдийн сүлд дуугаа өргөж, бүхий л албан байгууллагууд байгуулагдсан он дарааллаараа жагссан гээд өргөн дэлгэр наадмын эхлэл өнгөтэй сайхан байлаа.

Баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд оролцсон юм. Дарханчуудын хувьд хагас зуун жилийнхээ ойн баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг цэнхэр дэлгэцээрээ дамжуулан шууд хүлээн аван үзэх боломжийг Дарханы телевиз дахь жилдээ олгож, баяр наадмын төв талбай дээрээс үзэгч түмэндээ хүргэсэн.

Монгол Улсын төрийн данс, газрын зурагт хагас зуун жилийн өмнө Дархан хэмээх нэр тэмдэглэгдсэнээс хойш бид 50 жилийн түүхийн хуудсыг ардаа орхиж байна. Энэхүү тэгш ойн баяраа бид хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтаар угтаж, ардын их баяр наадмаа өнгө жавхаатай, хүүхэд залуусын цоглог өрнүүн хүсэл мөрөөдөл, хийж бүтээх өрнүүн их хүсэл тэмүүллээр угтлаа.

Монгол-Зөвлөлтийн найрамдлын хөшөөнд цэцэг өргөлөө

Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадмын долдугаар сарын 21-23-ны өдөр болж өнгөрлөө. Монгол-Зөвлөлтийн найрамдлын хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэсэн юм. Аймгийн удирдлагууд, гаднаас ирсэн зочид төлөөлөгчид Монгол зөвлөлт хоёр улсын найрамдалт харилцааны үр дүнд сүндэрлэсэн хотын шинэхэн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хөшөөг Дархан хотын ерөнхий архитекторч Д.Сайн-Эр анх санаачлан, уран зураач Чүлтэмийн Болдбаатар зургийг нь гаргаж бариулсан түүхтэй.

Арслан, харцага, начин төрүүлсэн наадам боллоо

Монгол түмний баяр цэнгэлийн манлай эрийн гурван наадмын гарьд магнай болсон хүчит бөхийн барилдаанд өнөө жил 256 бөх зодоглолоо. Улсын цолтой бөхчүүдээс дурдвал Дарханы зүлэг ногоон дэвжээнд улсын харцага Амартүвшин, Пүрэвжав, Даваабаатар, улсын заан Батзориг, Рагчаа, Амгаланбаатар, Бумбаяр, Мөнхбаатар, Батсуурь болон улсын начин Даваасамбуу, Батзаяа, Батхуяг, Заяамандах нар эр бяраа сорилоо. Мөн төрөлх хотынхоо 50 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Цагаанбаатар ирж, зодоглосон. Энэ жилийн наадмын тавын  даваанд сумын заан Энхбилэг улсын улсын заан Амгаланбаатарыг давж, аймгийн начны болзол хангасан бол аймгийн начин Соёмбо зургаагийн даваанд учраа бөх улсын заан Мөнгөнцоожийг өвдөг шороодуулснаар аймгийн харцага цолны болзлыг хангаж, Дархан хотын түүхт ойгоор аймгийн начин, харцага цолоо гардан авсан юм.

Шөвгийн наймд Ховд аймгийн Чандмань сумын харъяат улсын заан Ч.Батзориг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын харцага Т.Мөнгөнцоож, Төв аймгийн Баянхангай сумын харъяат улсын начин Б.Батмөнх, сумын заан Энхбилэг, Архангай аймгийн Булган сумын харъяат улсын заан Д.Рагчаа, Ховд аймгийн  харъяат аймгийн начин З.Соёмбо аймгийн начин Н.Батсуурь Төв аймгийн Баянцогт сумын харъяат улсын харцага Ө.Даваабаатар нар тунаж үлдсэнээс үзүүр түрүүнд улсын харцага, Даваабаатар, аймгийн начин Батсуурь нар шалгарсан юм. Ийнхүү хүчинт 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат улсын харцага Г.Намсрайжавын хүү Батсуурь түрүү бөхөөр шалгарч, аймгийн арслан цолны болзол хангасан бол улсын харцага Даваабаатар үзүүрлэлээ.

Түрүүлсэн Н.Батсуурийн хувьд 2007 онд Ховд аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн начин цол хүртсэн Улс аймгийн болон аймаг цэргийн цолтнуудын барилдаанд дээгүүр барилддаг аймгийн шилдэг начингуудын нэг байсан бол Дарханы 50 жилийн ойн баяр наадмаар аймгийн арслан цолны болзлыг хангалаа. Мөн өсвөрийн барилдаанд 26 дугаар сургуулийн Энхбаяр түрүү бөхөөр шалгарсан бол сурагч Лхагважаргал үзүүрлэжээ. Энэ жилийн наадмын өсвөрийн барилдааны үзүүр, түрүүний бөхчүүдэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар өөрийн нэрэмжит шагналаа гардуулсан юм. Түүний аав Жамъянхорлоо арслан ч өмнө нь төрөлх хотынхоо түүхэн ойд түрүүлж байсан бөх гэдгийг бөхийн комиссоос онцолж байсан. Ийнхүү Дархан-Уул аймгийн түүхт 50 жилийн баяр наадмаар хүчит 256 бөх зодоглож, аймгийн арслан аймгийн харцага, аймгийн начин цолтон нэг төрлөө.

Өсвөрийн харваанд 39 харваач цэц мэргэнээ сорьжээ

Үндэсний баяр наадам, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн түүхт ойн баяр наадмын өсвөрийн сурын харваанд 39 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон юм. Алтан зурхайд сум тавьсан хүүхдүүдийн хувьд анх удаа баяр наадамд оролцож байгаа хүүхдээс эхлээд идэр мэргэнүүд ч олон байлаа. Энэ жилийн сурын харвааны хувьд бусад аймгуудын баяр наадмын дараа болсонтой холбоотойгоор ойролцоох аймгуудаас ирж оролцох харваачид олон байсан, мөн анх удаа Дархан-Уул аймаг үндэсний сурын харвааны талбайтай болж тэндээ сурын харваагаа зохион байгуулсан зэргээрээ онцлог байсан юм. Хана болон хасаа харваанд сум тавьж, харваачид нумаа онилсон.

Уухай хадаасан нумын угсрал сумыг цэгцэлж, сурын харвааны дүн гарахад өсвөрийн харваачдаас  Сэлэнгэ аймгийн Дулаанхаанаас оролцож байгаа Ууганбаяр, Төв аймгийн Энэрэл нар үеийн харваачдаа манлайлсан юм. Харин насанд хүрэгчдийн харваанаас Улсын мэргэн Баярсайхан, эмэгтэй харваачдаас залуу харваач Цэрэнбуу нар энэ наадмын эрхий мэргэн харваачдаар шалгарсан байна.

Өсвөрийн харваанд Дархан-Уул аймгийн харваач эхний байруудад шалгарч чадаагүй бол насанд хүрэгчдийн харвааны тавд Спортын мастер Долгорсүрэн бичигдсэн байлаа. Өмнөх жилүүдийн наадмын харвааг бодвол олон аймгаас цэц мэргэн харваачид ирж оролцсон АХ-ын 90 жил, Дархан хотын 50 жилийн ойн баяр наадмын харваа онцлог боллоо.

Шагайн харваанд Ж.Баярсүрэн ахлагчтай баг тэргүүлж, Төв аймгийн баг удаалав
Эрийн гурван наадмын нэг төрөл болж нэмэгдээд байгаа шагайн харваа манай аймагт уламжлал болгон зохиогдлоо. Шагайн харвааны хувьд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, манай аймгийн баг тамирчид улс, бүсийн чанартай уралдаанд тэмцээнд байнга эхний байруудад шалгарч байгаа арвин амжилттай байгаа. Өмнөх жилүүдэд тэр бүр ийм өргөн дэлгэр зохиогдож байгаагүй шагайн харваа энэ жилийн хувьд хүрээгээ тэлсэн, хүрээгээ тэлэхийн хирээр чансаа өндөртэй харваа болсноороо онцлог. Энэ жилийн шагайн харваанд 16 багийн 130 гаруй харваачид оролцож, цэц мэргэнээ сорьсон байна. Дарханы шарын гол, хонгор гээд сумдын баг  тамирчдаас гадна, бусад аймгийн баг урилгаар ирж, оролцжээ.
Монголын уламжлалт шагайн харвааны дүн гарахад Дархан-Уул аймгийн Баярсүрэн ахлагчтай баг тэргүүлсэн бол Төв аймгийн засаг дарга Энхбатын баг удаалсан юм. Өнөө жилийн харваанд ахмадын баг оролцож, буугаар сум тавьсан байна. Ийнхүү баяр наадмын шагайн харваанд дарханчууд өнгөтэй оролцож,  уухай хадаалаа.

Баяр наадмаар зургаан орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

Дархан хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан гадны зочид төлөөлөгчид манай хотод айлчлан баяр наадмыг сонирхлоо. Тухайлбал: ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул Мостыке Иван Сергеевич, Хотын хүндэт иргэн, ОХУ-аас Орхон аймагт суугаа ерөнхий консул Федулов Алексанр Валентинович, Улаан-Үд хотын депутатуудын зөвлөлийн дарга Голков Александр Михайлович, ХБНГУ-ын Цайц хотын дарга Волькмар Кунзе нарын 10 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Ардын хувьсгалын 90 жил, Дархан хот үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид эрийн гурван наадам шимтэн сонирхож, монгол түмний уламжлалт цагаан идээ зооглож, өндөр сэтгэгдэлтэйгээр буцсан юм. Мөн монгол улсын хоёр дахь нийслэл болсон залуу хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна. Энэ үеэр Болгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Краснодар Колев: “Би энэхүү түүхэн ойн баярт уригдан ирсэндээ баяртай байна. Миний хувьд Монгол улсад Болгар улсыг төлөөлөх элчин сайд болж ирээд удаагүй байгаа. Харин ийм сайхан хотыг барьж байгуулахад манай орны ард түмний сэтгэл, хөдөлмөр шингэсэн гэж бодоход сайхан байна. Намайг ойн баяртаа найрсагаар урьсан аймгийн удирдлагуудад болон нийт Дарханы ард иргэдэд 50 жилийн ойн баярын мэндийг хувиасаа болон Болгар улсын ард түмний өмнөөс хүргэж байгааг минь хүлээн авна уу” хэмээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж