
ДЭМБ болон Нэгдсэн Үндэстний бусад төрөлжсөн байгууллагууд хамтран “Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах”, “Монгол орны Говийн бүсийн хүн амын аюулгүй байдлыг харилцан уялдаатай урьдчилан сэргийлэх замаар хамгаалж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймгийн тус бүр дөрвөн сум, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн тус бүр хоёр сум, нийт 26 сумын эмнэлэгт эмнэлгийн хог хаягдлыг устгах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг өгч байгаа юм. Тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Виват, ЭМЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл болон тоног төхөөрөмжийг хүлээн авч байгаа сумдын төлөөлөл оролцов.
Олон улсын жишигт эмнэлгийн хог хаягдлыг 1000 хүртэлх хэмд хайлуулж шатаах, эсвэл буталж жижиглээд булах аргаар устгадаг байна. Гэтэл манайд ийм зуух нь байдаггүй тул эмнэлгүүд зүү тариур зэргийг ахуйн хог хаягдалтай хамт хаядаг.
Иймээс эмнэлгийн хог хаягдал, шил, хуванцрыг дахин ашиглах боломжтой эсэхийг судалсаны үндсэн дээр устгалд оруулах, одоо ашиглаж байгаа дутуу шаталттай шатаах зуухны оронд шинэ технологийг ашиглах шаардлагатай байгаа аж. Мөн импортоор оруулж ирж буй эмнэлгийн байгууллагын бараа бүтээгдэхүүнд судалгаа хийж, дахин ашиглах боломжгүй бол өндөр татвар ногдуулах хэрэгтэй гэх санал ч гарч байсан. Эмнэлгээс ихэвчлэн зүү тариур, пластик хог хаягдал гардаг. Пластикийг шатаахад олон янзын хорт бодис агаарт ялгаран гардаг аж. Энэ нь агаарын бохирдол үүсгэж, хүн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Эмнэлгийн хог хаягдлыг шатаахаас гадна өндөр даралтаар ариутгаж халдваргүйжүүлсний дараа хогийн цэгт хаях ёстой байдаг ажээ.
Дээрх технологийн тоног төхөөрөмжийг 26 сумдын эмнэлэгт нийт 16 нэр төрлийн буюу 203 сая 598 мянган төгрөгийн үнэ бүхий багаж төхөөрөмж, хэрэгслийг өнгөрөгч баасан гаригт хүлээлгэн өгсөн юм. Үүнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх автоклав, ус нэрэгч, халдвартай болон энгийн хог хаягдлыг цуглуулах зориулалтын өнгө, тэмдэглэгээ бүхий хогийн савнууд, хог хаягдлыг устгах, тээвэрлэх үед хэрэглэх хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас багтсан байна. Түүнчлэн эдгээр сумдын эмч, эмнэлгийн ажиллагсдын хог хаягдлын менежментийн талаарх мэдлэгийг сайжруулах, хог хаягдлын зөв ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, шинэ багаж төхөөрөмжийг зөв ажиллуулах, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг зүй зохистой хэрэглэх аргад суралцуулахаар гурав хоногийн сургалтад хамруулсан байна. Мөн цаашид бүх аймаг, сумдын эмнэлгийг ийм тоног төхөөрөмжөөр хангах саналыг мөн ДЭМБ-т тавьсан гэнэ.