Техникийн хяналтын үзлэг оношлогооны төвүүдэд зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.24-нд нийтлэгдсэн

Техникийн хяналтын үзлэг оношлогооны төвүүдэд зөрчил илэрчээ

УМХЕГ-аас хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага буюу Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны орон нутгийн салбаруудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Хэнтий Говь-Сүмбэрээс бусад аймгийн 25 салбар, явуулын 23, нийслэлийн хоёр авто вокзал болон 350 гаруй албан тушаалтны үйл ажиллагааг хяналт шалгалтад хамруулсан байна. Шалгалтаар машины зогсоолууд шаардлага хангаагүй, орон нутагт техникийн хяналтын үзлэг оношлогоог тогтмол явуулдаггүй нь илэрсэн байна.

Мөн техникийн хяналтын үзлэг оношлогоо хийх төвүүдэд ашиглаж буй багаж, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг итгэмжлэл авахгүйгээр гүйцэтгэсэн зөрчил илэрчээ.

Зарим салбарын оношлогч инженер, техникчид тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад бүрэн хамрагдаагүйн дээр зорчигчдын тээш хадгалах асуудал хангалтгүй байжээ.

Түүнчлэн тогтоосон хэмжээнээс хэтэрсэн ачааг зохих хөлсийг төлүүлэн, тээвэрлэх, тээврийн хэрэгслийн даац багтаамжаас илүү гарсан ачаа тээшийг тусгай авто тээврийн хэрэгслээр тээвэрлэх ажлыг зохион байгуулдаггүй аж.

Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй троллейбусууд улсын болон арлын дугаарын зөрчилтэй гэх зэрэг нийт 270 гаруй зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан хоёр байгууллагад 430 мянган төгрөг, хоёр албан тушаалтанд 570 мянган төгрөг, 82 иргэнд 720 мянган төгрөг, нийт нэг сая 720 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж