Төв сайхан нутгийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Төв сайхан нутгийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүллээ

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Төв аймаг байгуулагдсаны 88 жилийн үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Хурдан хүлгийнхээ туурайн чимээнээр дэлхийг сэрээн дэнж хотойлгон нааддаг Монгол түмний наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Төв аймгийнхаа наадамд шандаст хүлгүүдээ хурдлуулахаар уяачид маань 6-ны өдөр ирж буудалласан.  Босоо цагаан тоосонд нь дэлхийн хийморь сэргэж, болор сувдан хөлсөнд нь дэнжийн цэцэгс дэлгэрдэг хурдан хүлгийн манлай азарганы уралдаанд Төв аймгийн Зуунмод сумын Б.Нацагнямын сартай зээрд азарга тод магнай торгон жолоогоо өргүүллээ.  Аман хүзүүнд Баянцагаан сумын Ц.Энхбатын толин зээрд азарга хурдалсан бол гуравт Сэргэлэн сумын  Ганбаатарын зээрд халзан азарга өнгөллөө. Дөрөвт Дорноговь аймгийн Мандах сумын Д.Хашбатын гал хонгор азарга , айргийн тавд Сэргэлэн сумын Энхбатын будан азарга орж тод манлай торгон жолоогоо өргүүллээ. Өндөр тэнгэрийн үүлсийг дагуулан, өндөр хангайн уулсыг ханаруулан ихр насны морьд эргэлээ. Их   насны морьд барианд орж ирэхэд Сэргэлэн сумын хонгор их нас түрүү магнайд ирж уясан эзэн хурсан олноо баясгалаа. Аман хүзүүнд Зуунмод сумын Ц.Алтангэрэлийн халиун их нас хурдаллаа. Гуравт Баяндэлгэр сумын Д.Баяржавхлангийн хонгор, дөрөвт Баянцагаан сумын Ц.Энхсайханы зэгэл халзан, тавд Зуунмод сумын Ц.Болдын саарал их нас орж наадамчин олныг баясгасан юм.

Шүдлэн насны морьдын уралдаанд Баянцагаан сумын Ц.Энхбатын цавьдар түрүү магнайд ирж, аман хүзүүнд Баянцогт сумын Гансүхийн хүрэн халзан  хурдалж, гуравт Өндөрширээт сумын Д.Пүрэвсүрэнгийн бор, дөрөвт Зуунмод сумын Энхболдын хонгор, айргийн тавд Сэргэлэн сумын Базаррагчаагийн бор халзан шүдлэн хурдалсан байна.

Соёолон насны морьдын тоосонд нь дарагдаж, хөлсөнд нь хүрч гэмээн тэр жилдээ хиймортой явдаг хэмээн сүсэглэдэг Монгол түмэн маань морь барианы дэнжийг наадамчин олноор дүүргэсэн байлаа. Морин сайвар салхин хөгжөөж, монгол түмний хийморь дэврээж Сэргэлэн сумын Жаргалсайханы хүрэн халзан соёолон түрүүлж ирсэн бол аман хүзүүнд Сэргэлэн сумын П.Баатарцогтын зээрд соёолон өнгөлж гуравт Сэргэлэн сумын С.Баярсайханы зээрд, дөрөвт Эрдэнэ сумын Д.Лхагваагийн бор халзан, айргийн тавд Угтаалцайдам сумын П.Хишигтогтохын хүрэн халзан соёолон орж наадамчин олныг баясгалаа.

Хязаалан насны хурдан хүлгийн уралдаанд Зуунмод сумын Энхболдын хонгор хязаалан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Сэргэлэн сумын Дамдинлхагвагийн зээрд хязаалан орлоо. Харин гуравт Дорноговь аймгийн Мандах сумын Хашбатын хээр, Дундговь аймгийн Адаацаг сумын Хишигбатын хонгор, Баян-Өнжүүл сумын Энхболдын хонгор хурдан хүлгүүд айргийн тавд оржээ. Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг отголж ээж рүүгээ яарсан дааганы уралдаанаар төгслөө.  Хурдан дааганы уралдаанд Баянцогт сумын Жамбалсүрэнгийн саарал ухаа тод магнай торгон эолоогоо өргүүлсэн бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ганзоригийн хул даага аман хүзүүнд оржээ. Харин араас нь Баянцогт сумын Гансүхийн хонгор, Батсүмбэр сумын Үүрийнтуяагийн цоохор, Сэргэлэн сумын Ганбаатарын даага  хурдалж барианы газарт орж ирлээ. Ийнхүү Төв аймгийн наадам сайхан болж өнгөрлөө. Дараа жилийн наадам даанчиг хол байна даа гэсээр уяач олон маань нутаг нутгийн зүг хүлгийн жолоо даран одоцгоолоо.   
 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж