
Шүдлэн насны морьдын уралдаанд Баянцагаан сумын Ц.Энхбатын цавьдар түрүү магнайд ирж, аман хүзүүнд Баянцогт сумын Гансүхийн хүрэн халзан хурдалж, гуравт Өндөрширээт сумын Д.Пүрэвсүрэнгийн бор, дөрөвт Зуунмод сумын Энхболдын хонгор, айргийн тавд Сэргэлэн сумын Базаррагчаагийн бор халзан шүдлэн хурдалсан байна.
Соёолон насны морьдын тоосонд нь дарагдаж, хөлсөнд нь хүрч гэмээн тэр жилдээ хиймортой явдаг хэмээн сүсэглэдэг Монгол түмэн маань морь барианы дэнжийг наадамчин олноор дүүргэсэн байлаа. Морин сайвар салхин хөгжөөж, монгол түмний хийморь дэврээж Сэргэлэн сумын Жаргалсайханы хүрэн халзан соёолон түрүүлж ирсэн бол аман хүзүүнд Сэргэлэн сумын П.Баатарцогтын зээрд соёолон өнгөлж гуравт Сэргэлэн сумын С.Баярсайханы зээрд, дөрөвт Эрдэнэ сумын Д.Лхагваагийн бор халзан, айргийн тавд Угтаалцайдам сумын П.Хишигтогтохын хүрэн халзан соёолон орж наадамчин олныг баясгалаа.
Хязаалан насны хурдан хүлгийн уралдаанд Зуунмод сумын Энхболдын хонгор хязаалан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Сэргэлэн сумын Дамдинлхагвагийн зээрд хязаалан орлоо. Харин гуравт Дорноговь аймгийн Мандах сумын Хашбатын хээр, Дундговь аймгийн Адаацаг сумын Хишигбатын хонгор, Баян-Өнжүүл сумын Энхболдын хонгор хурдан хүлгүүд айргийн тавд оржээ. Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг отголж ээж рүүгээ яарсан дааганы уралдаанаар төгслөө. Хурдан дааганы уралдаанд Баянцогт сумын Жамбалсүрэнгийн саарал ухаа тод магнай торгон эолоогоо өргүүлсэн бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ганзоригийн хул даага аман хүзүүнд оржээ. Харин араас нь Баянцогт сумын Гансүхийн хонгор, Батсүмбэр сумын Үүрийнтуяагийн цоохор, Сэргэлэн сумын Ганбаатарын даага хурдалж барианы газарт орж ирлээ. Ийнхүү Төв аймгийн наадам сайхан болж өнгөрлөө. Дараа жилийн наадам даанчиг хол байна даа гэсээр уяач олон маань нутаг нутгийн зүг хүлгийн жолоо даран одоцгоолоо.