
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн баярын хуралд оролцоод оройдоо Улаанбаатарт иржээ. Харин өнөө өглөө Дархан-Уул аймгийг зорьж тус аймгийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа аж. Ерөнхий сайд С.Батболд тус аймгийг шагнасан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг сая аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатад гардуулан өгсөн байна.
Дархан-Уулынхан хөгжимт усан оргилуур, ногоон байгууламж бүхий “Дархан 50” цогцолборыг хоёр хоногийн өмнө тууз хайчлан нээжээ. Бас 2200 хүний суудалтай усан сан, спорт цогцолборын шавыг тавьж “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулсан байна.
Д.ОЮУН