Англи эмэгтэйн аминд хүрсэн Японыг яллав

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Англи эмэгтэйн аминд хүрсэн Японыг яллав

Их Британийн нэгэн багш эмэгтэйг хүчирхийлээд боомилж амийг нь хороосон Японы иргэнд насаар нь хорих ял оноолоо. Тацуяа Ичихаши гэгч этгээдийг хүчирхийлэл, хүн амины хэрэг үйлдэж, цогцсыг нуусан зэрэг үндэслэлээр бүтэн сар шүүсний эцэст пүрэв гаригт буруутайг нь тогтоож, ялын тогтоолыг нь уншжээ.

Хохирогч эмэгтэй Линдсей Хокерын зодуулсан ул мөр бүхий нүцгэн цогцсыг 2007 оны гуравдугаар сард Ичихашигийн гэрийнх нь угаалгын өрөөний баннд битүү элсэнд хучсан байдалтай байхад нь олсон ажээ. Хүний амь бүрэлгэсэн гэмт этгээд тэр дороо зугтаж, нүүр төрхөө өөрчлөх косметик хагалгаанд хэд хэдэн удаа орж, уруулны хэлбэрийг өөрчлүүлэн хоёр мэнгээ авахуулж, ажлаа сольсон байсан бөгөөд дахин косметик хагалгаа хийлгэхээр төлөвлөж байхад нь цагдаа нар 2009 оны арваннэгдүгээр сард Осака хотод баривчилжээ. Хэргийг 2007 оны гуравдугаар сард Ичизава хотын нэгэн кафед Ичихашийг Хокертой уулзаж байгаа видео дүрс бичлэг олдсон үеэс эхэлж шалгасан байна.

Ичихашийг баривчилснаас хойш хоёр жил хагасын дараа ийнхүү тэрээр хатагтай Хокерын амийг бүрэлгэсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ. Токиогийн зүүн хэсгийн Чиба мужийн шүүх танхимд Хокерын эцэг эх охиныхоо үхэлд буруутай гэмт этгээдэд ялын дээд хэмжээ оноож өгөхийг прокуроруудаас хүссэн байна. Хэрэгтний ялын тогтоолыг уншихын өмнө олон зуун Япончууд шүүх танхимын гадна өөрсдийн саналыг илэрхийлэхээр цугласан байжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж