Орлого багатай иргэд тариалан эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Орлого багатай иргэд тариалан эрхэлж байна

Нийслэлийн Засаг даргын Там­гын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран нийс­лэлийн төвийн зургаан дүүргийн ажилгүй иргэдийн амьжиргааг дээш­лүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэм­жих зорилгоор төмс, хүнсний ногоо тариалах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд зургаан дүүргийн 800 иргэн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Тарвагатайн хөндийд 200 га газарт төмс, лууван, манжин тариалж байгаа юм. Бид өчигдөр тариалалтын ажилтай танилцаж, хөтөлбөрт хамрагдаж буй иргэдтэй уулзахаар тус газрыг зорьсон юм. Биднийг очиход долоон бүлгийн 100 гаруй хүн тарьсан ногоогоо эргэж тойрч, арчлахаар тариалангийн талбайд ирсэн байлаа.

“Хүний хөгжил сан”-ийн 21 мянган төгрөгөөс өөр тогтмол орло­гогүй байсан иргэд хөдөлмөр эрхэлж, өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй ашиг олох гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тариалалт хийх талбайг нь хагалж, үрийг нь өгсөн. Худаг, усных нь асуудлыг шийдчихсэн. Одоо ажиллах орчныг нь бага зэрэг тохижуулаад, тариалангийн талбайд очих унааны  асуудлыг нь шийдээд өгчихвөл гомдоллоод байх зүйлгүй болох аж. Тус талбайд тариалан эрхэлж буй иргэд  дүүрэг, хороогоороо 20 хүний бүрэлдэхүүнтэй 40 бүлэгт хуваагдаад байгаа юм билээ. Бүлэг бүр нэртэй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан “Бүлгүүд хоорондоо их өрсөлдөнө. Газраа булаацалдаж хааяа, хааяа “хөөрхөн” маргаан үүсгээд авна” хэмээж байсан. Үнэхээр ч энд бие, биенээсээ илүүг хийж бүтээх арай ахиухан ургац хураах гэсэн өрсөлдөөн цаг ямагт гарч байдаг ажээ. Иргэд ч “Өрсөлдөөн их бий” гэж тэдний хэлснийг баталсан. Энэ нь ажилд тодорхой хэмжээгээр түлхэц болдог аж. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас намар ургац хураах үеэр амжилттай ажилласан бүлэгт хүлэмж өгөхөө амлаад байгаа. Хураасан ургацаас нь гадна бүлгийн зохион байгуулалт,  хоорондоо хэр нэгдэлтэй байгаа, тарьсан ногоогоо хэрхэн арчилж, ургуулж байгаа зэргийг нь харж шилдэг бүлгийг шалгаруулах юм.

Тариалангийн талбайд өчигдөр 40-60 орчим насны голцуу хүмүүс ажиллаж байлаа. Гэхдээ хүмүүсийн хэлж буйгаар 800 хүний 60 орчим хувь нь 20-30 насны ид хөдөлмөрлөх насны залуус ажиллаж байгаа гэнэ. Өчигдрийн хувьд ногоо тарьж байсан туршлагатай хүмүүс нь залуустаа зөвлөгөө өгөхөөр ирээд байв. Бүлгүүдийн дарга нартай уулзахад бизнесийн төлөвлөгөө зохиосноо ярьж байлаа. Зарим нь бүлгээ хоршоо болгож өргөжүүлэх сонирхолтой байгаа юм билээ. Намар хураасан ургацаа борлуулах дэлгүүртэйгээ гэрээ хийсэн бүлэг ч байгаа аж. Бүр “Хоёр шуудайг нь идээд, хорин шуудайг нь борлуулна” хэмээн тооцоолоод дэвтэртээ биччихсэн байсан юм.


Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Дүншиг:

-Манай бүлгийн  нэр “Дэвшил”. Тарьсан ногоо маань их сайхан ургаж байна. Наймдугаар сарын 20-доор ургацаа хураах байх. Төмс, хүнсний ногоог өмнө нь хөдөлмөр эрхэлж байгаагүй залуучууд голдуу хүмүүс тарьж байгаа юм. Манай бүлгийн хувьд нэг га газраас 20 орчим тонн төмс хураана гэж тооцоолж байна. Нэг хүн л гэхэд нэг тонн гаруй төмс хураах байх. Түүнийгээ хэрэглэхийг нь хэрэглээд үлдсэнийг борлуулна, үрийн төмсөө авч үлдэнэ. Хамгийн гол нь байнгын орлоготой болох нь манай бүлгийнхний дэвшүүлсэн гол зорилт. Намар хураасан ургацаа зооринд хадгалж үнэ нь нэмэгдэх үеэр борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа:

-Ам бүл тавуулаа мөртлөө хөдөлмөрийн насны хоёр хүн нь ажилгүй өрхүүдийг сонгож хөтөлбөрт хамруулсан. Хэдийгээр улирлын чанартай ажил ч барилгын компанид хэдэн сар ажилласан хүнээс илүү мөнгө олох боломжтой гэж бид үзэж байгаа. Нэг га-гаас энэ жил хамгийн багадаа 20-25 тонн хүнсний ногоо хурааж авна. Тиймээс ирэх өвөл борлуулах юм бол магадгүй орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгааг төлөх хэмжээний орлого олж болно гэж тооцоолсон. Нэгэнт бий болгосон ажлынхаа үр дүнг бодитой байлгах үүднээс усалгааны системийг сайжруулах, зоорьтой болох тал дээр анхаарч байгаа. Энэ жилийн хувьд томоохон зоориудтай гэрээ байгуулж бүлгүүдийнхээ  төмс, хүнсний ногоо хадгалах юм. Ажиллах орчин яг өнөөдрийн байдлаар тийм ч сайн биш байгаа. Бие засах газар, сүүдрэвч, душ хэрэгтэй. Эдгээрийг дараа жилээс хангана. Харин энэ намар ургац хураах үеэр бие засах газар, сүүдрэвч зэргийг барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчил­гээний газрын дарга Д.Баярсайхан:

-Уг хөтөлбөрт зориулж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 577 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Эхний ээлжинд хаврын тариалалтад зориулж 250 сая төгрөг гаргасан. Дараагийн санхүүжилтийг үе шаттайгаар хийх юм. Цаашдаа улам боловсронгуй болгож, анхаарвал зохих асуудалд хөрөнгө, хүчээ төвлөрүүлж ажиллана. Анхаарвал зохих олон асуудал байна. Зөвхөн хүнсний ногоо тариалаад зогсохгүй түүнийгээ хэрхэн боловсруулах, олсон ашгаа хэрхэн үржүүлэх вэ гэдэг нь чухал. 

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж