Төрийн томчуудад хатуу жил ирэв үү?

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Төрийн томчуудад хатуу жил ирэв үү?

Эрхэм гишүүн Д.Дондогийг 2008 оны сонгуульд оролцохдоо бусдаас зээлсэн 150 сая төгрөгийг буцаан төлөлгүй завшсан хэмээн Улсын дээд шүүхээс залилангийн хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад гурвантаа ирүүлээд байна.

Гэтэл түүний араас УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөс хэдэн тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэгт татсан тухай дуулиан дэгдээд эхэллээ. Бас Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг  “Зоос” банкны өмч хөрөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн мөн л мөнгө төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгах болсон тухай дуулдах болов. Ийнхүү туулай жил төрийн томчуудад хатуу тусч, ирэх намар бүрэн эрх түдгэлзүүлэх тухай баахан саналд УИХ дарагдаж мэдэхээр болжээ. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ мэдэж томилдог тул мөн л парламентад хамаатай асуудал болж байгаа юм.

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь бэл бэнчин, хөрөнгө чинээний хэрэг болсон нь ийнхүү эрхмүүдийг хөлдөө чирч эхлэв бололтой. Тэд сонгуульд өрсөлдөхийн тулд ихээхэн хөрөнгө мөнгө хаядаг, сонгогдсоныхоо дараа, бүр сонгогдож чадаагүй ч байсан “шарх”-аа нөхөхөөр зүтгэдэг нь иймэрхүү байдалд хүргэж байна гэж хэлж болохоор байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж