Лорензо Катарын Moto GP-д бэлэн биш

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Лорензо Катарын Moto GP-д бэлэн биш

Дэлхийн аварга Хорхе Лорензо 2010 оны улирлын эхний гараа болох Катарын Moto GP-д оролцоход биеийн байдлын талаас бэлэн биш боловч бүх чадлаа дайчлан уралдана гэдгээ илэрхийлжээ. Өнгөрсөн жилийн Moto GP ангилалд дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд Валентино Росси түрүүлж, харин испанийн Лорензо удаалсан билээ. “Fiat Yamaha” багт харьяалагдаж буй Лорензо шинэ улирлын талаар “Шинэ улирал эхлэх тун ойрхон байна. Үнэхээр урт удаан өвөл болж өнгөрлөө. Би бүрэн дүүрэн бэлэн биш байна, бүрэн эдгэхийн тулд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ би мотоцикль жолоодож чадахтайгаа байна” гэжээ.
Өдгөө 22 настай Лорензо мотоциклийн элит ангилалд гурав дахь жилдээ уралдах гэж байгаа ба өмнөх хоёр жилд авьяаслаг, өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан юм. Харамсалтай нь тэрбээр шинэ улирлын өмнө бага зэргийн гэмтэл авчээ. Энэ тухайд Лорензо “Харамсалтай нь, бэлтгэлийн үеэр би гараа гэмтээчихсэн. Гэхдээ иймэрхүү зүйл үргэлж л болж байдаг. Катар миний хувьд чухал гараа. Би анхны түрүүгээ эндээс л авч байсан” гэжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж