
Хиймэл хөлтэй Писториус эрүүл саруул насанд хүрэгчдийн тэмцээнд оролцохоор удаан хугацааны турш тэмцсэн юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Оскар Писториусыг нэмэлт тоног төхөөрөмж ашиглан хурдан гүйж байна гэж үзсэний улмаас түүний тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан. Гэхдээ Писториус олон улсын арбитрын шүүхэд хандаж нэрээ цагаатгуулсны зэрэгцээ олон улсын тэмцээнд оролцох эрхээ ч сэргээлгэсэн юм. Афины паралимпийн 100, 200, 400 метрийн төрөлд рекорд тогтоон түрүүлсэн тэрбээр харин 2008 оны Бээжингийн олимпийн болзлыг хангаагүйн улмаас оролцож чадаагүй. Харин энэ жил түүнд аз тохиож ДАШТ-д өрсөлдөхөөр болж байна. 11 сартайгаасаа тахир дутуу болсон Писториус регби, усан поло, талбайн теннис зэрэг спортоор хичээллэж байгаад 2004 оноос хөнгөн атлетикийн спортод хүч түрэн орж ирсэн юм.