
Түүний хэлснээр, Шведийн иргэн, 18 настай залуу бусдын нөлөөтэйгөөр нас барсан нь үнэн бөгөөд монгол залуу Б-г энэ хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь ч үнэн ажээ. Харин Консулын газрын дарга хэрэгт холбогдоод байгаа залуугийн нэрийг одоогоор нууцлахыг хүссэн бөгөөд Швед дэх Монголын ЭСЯ болон Шведийн цагдаа, прокурорын байгууллагууд хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж буй монгол залуугийн гэм буруутай нь тогтоогдоогүй учир түүний өмнө нь ямар ажил эрхэлдэг байсан, нэр нь хэн болох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хэргийн үнэн мөнийг олтол нийтэд цацахгүй байх талаар аль аль талдаа хандаж, тохиролцжээ.
Шведийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар сагс тоглож байсан залуус маргалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн энэ хэрэгт монгол залуу холбогдсон тухай бичиж байгаа бөгөөд зарим эх сурвалжууд хэрэгт холбогдоод байгаа Б гэгч залууг “Ice top” хамтлагийн экс гишүүн хэмээн бичиж байгаа юм. Гэхдээ Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг Б гэгчийг “Ice top” хамтлагийн гишүүн мөн эсэх тухайд ямар нэгэн хариулт өгсөнгүй.
Дээрх хэргийн шүүх хурал ирэх наймдугаар сард багтаж болох бөгөөд Швед дэх Монголын ЭСЯ-наас Шведийн хууль, хяналтын байгууллагынханд хэрэгт сэжигтнээр татагдсан Б-тэй биечилж уулзах, түүнийг өмгөөлөгчөөр хангах асуудлыг судалж үзэхийг санал болгоод байгаа ажээ.
Гадаад харилцааны яаманд уг хэргийн талаарх албан ёсны мэдээлэл өчигдөр ирсэн талаар Консулын газрын дарга Д.Ганхуяг өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.