Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хянав

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хянав

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  аймгийн Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан, Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумын соёлын төв болон тус сумдын нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн 24 компанийг хамруулан “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтэнд  хяналт шалгалт хийжээ.

Тус аймагт 2007 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн улсын тооллого хийж нийтдээ 154 дурсгалыг улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулан, байрлал тогтоон, зурагжуулсан байна. Мөн 2008 оноос аялал жуулчлалын бүс нутагт маршрутын дагуу Дарьганга сумын төвийн Хаан хатны хөрөг, Хөргийн хөндийн хүн чулуун хөргүүд, Ламтын хүн чулуу, Онгон сумын Таван толгойн хүн чулуу зэрэг дурсгалт газарт англи, монгол тайлбартай, гурван сая төгрөгийн өртөг бүхий хоёр тоннын жинтэй цагаан гантиг чулуун самбар байрлуулжээ.

Шалгалтын явцад 150 орчим иргэд, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, соёлын өвийг хамгаалах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, түүх соёлын үл хөдлөх 25 дурсгалыг газар дээр нь үзэж танилцан, гэрэл зургаар баримтжуулсан байна.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах ажил сум, багийн түвшинд хангалтгүй, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын нутагт  зарим булшийг хууль бусаар ухаж төнхсөн, Уулбаян, Наран суманд дурсгалт зүйл улсын бүртгэл мэдээллийн санд ороогүй зэрэг зөрчил дутагдал илэрч, нийтдээ 4.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж