”Пасифик энжил” эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

”Пасифик энжил” эхлэв

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн хүчний хамтарсан “Пасифик Энжил-2011” олон улсын эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаа 2011 оны долоодугаар сарын 17-ны өдөр эхэллээ. Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний санаачилга, санхүүжилтээр 2007 оноос Номхон далайн орнуудад зохион байгуулж ирсэн энэхүү хүмүүнлэгийн ажиллагаа Монгол Улсад анх удаа болж буйгаар онцлог юм.

“Пасифик Энжил-2011” олон улсын эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагааны үеэр Хэнтий аймгийн Өндөрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлэв. Мөн Монгол, АНУ-ын барилга инженерийн цэргийн алба хаагчид Дэлгэрхаан сум дахь Нөхөн сэргээх сувиллын барилгыг засварлаж, хоёр орны мал эмнэлгийн мэргэжилтнүүд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчдад мал эмнэх орчин үеийн арга ажиллагааны талаар сургалт явуулж, малыг вакцинжуулах, туулга уулгах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаанд АНУ, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Шри Ланк Улсын цэргийн алба хаагчид, төрийн бус байгууллага, иргэний байгууллагын нийт 150 шахам бүрэлдэхүүн оролцож байна. Ажиллагаанд оролцож буй бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс зүүн урагшаа 10 км-т хээрийн хотхонд байрлаж байгаа бөгөөд Аялал жуулчлалын “Nomads” компани тэдний хоол унд, ая тухтай байдлыг бүрэн хангаж байна. Хөдөөгийн иргэдийн талархлыг хүлээж буй энэхүү хүмүүнлэгийн ажиллагаа долоодугаар сарын 24-ний өдөр өндөрлөнө.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж