Энэ зун Хятад улсад эрчим хүчний 30-40 ГВт-ын хомсдол тохиох тухай Хятадын цахилгааны асуудал хариуцсан зөвлөлөөс өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн билээ. Энэ нь хэт халалтын улмаас тус улсын эрчим хүчний 22 хувийг хангадаг усан цахилгаан станцуудын ажиллагаа доголдсоноос гадна эрчим хүчний нүүрсний үнийн өсөлттэй холбоотой байсан юм. Тус улсын дотоодын нүүрс нийлүүлэгчид 130 ам.доллараар эрчим хүчний нүүрс худалдаалж байхад Австралийн нүүрс 119 ам.доллараар Хятадын зах зээлд худалдаалагдаж байв.
Гэхдээ Хятадын олон мужид эрчим хүчний нүүрсний үнэ чанар, зах зээлээсээ хамаараад янз бүр байдаг аж. Одоогоор Монголын зах зээлд харьцангуй ойр оршдог Ухай, Баотоуд нүүрсний үнэ 470-530 юанийн ханштай байна. Харин Хятадын гол боомт Чинхуандаод нэг тонн эрчим хүчний нүүрс 880 юань байгаа нь сарын эхний үеийнхээс 10 юаниар буурсан үзүүлэлт юм. Харин Тяньжинд 20 юаниар бууж, 840 юань болоод байна.
Эрчим хүчний нүүрсний үнийн өсөлтийн улмаас Хятадын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн тэн хагасыг бүрдүүлдэг гол таван ДЦС энэ оны таван сарын байдлаар 1.88 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ. Иймд Хятад улс нүүрсний үнийг буулгах шат дараатай алхмуудыг хийж буйн үр дүн эхнээсээ гарч байна. Он гарсаар эрчим хүчний нүүрсний үнэ тус улсад 7 хувиар өсөөд буй юм.
Зарим шинжээчдийн таамаглаж буйгаар Хятадын эрчим хүчний хомсдол тус улсын аж үйлдвэрлэлийн өсөлтийг сааруулж, улмаар дэлхийн түүхий эд, тухайлбал зэс, төмрийн хүдрийн үнийг 10 орчим хувиар бууруулж мэдэх аж.
Хятадын үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтийг эрчим хүчний салбарын өргөтгөл хангаж дийлэх эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нь Монголоос Хятад руу экспортолж буй нүүрс, зэсийн баяжмал болон бусад түүхий эдийн үнийн өсөлтөд таагүй нөлөөлж мэдэх юм.
Б.Төгс