
Монгол улсад цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдлыг булах тухай Япон, АНУ, Монгол гурван улсын гэрээний төсөл батлагдах шатандаа явж байгаа ажээ. Цөмийн түлшийг үйлдвэрлэж, хаягдлыг булах тухай төсөлд Монгол Улсыг цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдлыг буцаан авч булах газар хэмээн бичсэн тухай Японы Майничи вебсайтад бичжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон цунамийн үеэр Фүкүшима Дайчигийн атомын станцад нүүрлэсэн нөхцөл байдлын дараа иймэрхүү гэрээг хэрэгжүүлэх нь хүндрэлтэй байж, сунжирч болох ч гэрээний хэрэгжилтэнд гурван улсын засгийн газраас гадна хувийн салбарууд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.
Цөмийн эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх сонирхолтой улс орнуудын хувьд цөмийн хаягдлыг байршуулах бааз системийг байгуулах нь ихээхэн хүчин чармайлт шаардах болно. Япон, АНУ зэрэг цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд ч өнөөг хүтэл цөмийн хаягдлыг булах системтэй болж амжаагүй байна.
Энэ үед Япон, АНУ-ын компаниуд энэхүү санаачлагыг өлгөн авч бусад цөмийн эрчим хүч үйлдвэрлэх сонирхолтой улс орнуудад цөмийн дэд бүтцийн талаар сурталчилж байгаа нь шүүмжлэгчдийн хараанд өртжээ. Цөмийн түлшний эргэлтийг зохицуулах олон талт арга замыг боловсруулах болоод бусад орнуудад цөмийн эрчим хүчийг нийлүүлэх механизмыг бий болгохын чухлыг энэхүү гэрээний төсөлд онцлон тэмдэглэжээ. Мөн энэ баримт бичигт гурван улсын төлөөлөгчид тогтмол уулзаж, түлшийг боловсруулахаас эхлээд, хаягдлыг булах хүртэл эхний дамжлагаас эцсийн дамжлага хүртэл найдвартай, аюулгүй, үүрэг хариуцлагатай, энхийн замаар цөмийн түлшийг нийлүүлэх, хаягдлыг буцаан татаж булах цогц үйлчилгээг хэрхэн явуулах талаар хэлэлцэж байх хэрэгтэй гэж заажээ.
Энэхүү санаачлагыг анх АНУ боловсруулж, өнгөрсөн хоёрдугаар сард батлахаар төлөвлөж байсан ч Японы Гадаад хэргийн яамнаас эсэргүүцэж өнөөг хүртэл хойшилсон аж. Японд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам уг гэрээний төслийн ажлыг хариуцаж байгаа аж. Эцэст нь уг төсөлд Монголын талаас Арабын нэгдсэн Эмират улстай холбоо тогтоож, цөмийн түлш нийлүүлэх талаар хэлэлцээрийг эхлүүлсэн гэж дурьджээ.