Зэсийн үнэ 12 мянган ам.долларт хүрэх магадлал багассаар байна

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 12 мянган ам.долларт хүрэх магадлал багассаар байна

Зэс, молибден, алтны томоохон хэм­жээний нөөцийг Оюутолгой хэ­мээх газраас олсны 10 жилийн ой тохиож буйг тус компанийнхан дуул­галаа. Түүнээс гадна Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орох үед төс­вийн орлого зэсээс бүр ч илүү ха­маа­рах болно гэж эдийн засагчид онцлох боллоо. Энэ зуур зэсийн үнэ ойрын өдрүүдэд хэрхэн хэлбэлзсэнийг сонирхлоо. Тухайлбал энэ сарын 18-ны өдрийн 15 цагийн ханшаар зэсийн үнэ 9652.50 ам.долларын ханштай байв. Өмнөх өдрүүдээс үл ялиг унасан ч энэ сарын дунджаар өссөн үзүүлэлт.

Хаврын чуулганы төгсгөлд ги­шүүд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2012 онд 3604,1 ам.доллар бай­хаар төсөөлж, “Уул уурхайн орон болох эхлэлээс өрнөл рүү” хэмээн он­цолж байлаа. Ингэж дүгнэхэд өнөөх зэсийн олборлолт, орлогыг үн­дэслэсэн нь тодорхой. Ерөөсөө экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийнхээ үнийг энэ оны төсөвт нэг тонн нь 8425 ам.доллар байхаар тооцоолсон. Урьд жилүүдийнхээс хэт өндөр энэ тоо одоохондоо аюулгүй байгаа ч анхаарал татаж буй.

Чилийн “Cochilco” агентлагийн су­далгаагаар зэсийн жилийн дундаж үнэ энэ онд 12 ам.долларт хүрч мэдэхээр байна хэмээсэн нь бий. Энэ өсөлтийг “Global strategicbizness report: Сopper” тайланг гар­гасан судлаачид эрсдэлтэй талаас нь тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар Азийн хөгжил эрчимтэй яваг­даж байгаагаас шалтгаалан 2015 он гэхэд дэлхийн нийт зэсийн хэрэг­цээ 24 сая тоннд хүрнэ гэжээ. Энэ тоо зэсийн үнийн уналтын өмнө 19.9 тонн байсан. Гэхдээ зэсийн өн­дөр эрэлтээс шалтгаалан өсч буй үнэ томоохон худалдан авагч гүрэн болох Хятадын зах зээлээс шалтгаалж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар са­раас хойш дэлхийн зэх зээл дээр зэс, нефть хоёр бус бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсч байгаа нь Евро бүсийн орнуудын хувьд амаргүй асуудал болоод хувираад байгаа талаар тайланд дурьджээ. Олон улсын шинжээчид зэсийн үнийн аливаа хэлбэлзлийг “Хятад улс мөнгөний бодлогоо чангатгаж, түүхий эдийн эрэлтээ багасгах хандлагатай байна. Ингэснээр зэсийн үнэ дахин өсөхгүй байх талтай” хэмээн тайлбарлах болсон.

Дээрх мэдээллийг үндэслэн зэ­сийн ханш буухаа хүрвэл долоо хо­­но­гийн дотор 7000 ам.доллараар уна­­хыг ч үгүйсгэхгүй гэж үзэх нь ч байна. 2008 онд зэсийн үнэ 7000 ам.дол­лараас огцом унаж 3400 ам.дол­ларт хүрэхэд манай улс төсөв­төө дахин, дахин задаргаа хийж байсан билээ. Мөн 2002 онд зэсийн үнэ 1570 ам.доллар болтлоо унасан. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийн зэс олборлох өөрийн өртөг нь 1500 орчим ам.доллар болж байсныг дурсах мэргэжилтнүүд цөөнгүй бий.
Зэсийн үнийн эрсдлээс хамгаалах аргыг санхүүгийн зах зээлийн сал­барынхан дурьддаг ч Монголбанк, Сангийн яамныхан энэ асуудалд итгэлгүй ханддаг гэх шүүмжлэл байдаг. Олон улсын туршлагаар манайх зэсийн үнээс эдийн засаг нь бүрэн хамаардаг орон үнийн уналтын эрсдэлээс хамгаалах аргуудыг авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой аж. Ингэснээр зэсийн үнэ унасан нөхцөлд эдийн засагт үзүүлэх нөлөө нь зөөлөн байх боломжтой байдаг аж. Гол зарчим нь томоохон ком­паниуд зэсийн үнэ 7000-8000 ам.дол­лар байх үед ирээдүйд олборлох бү­тээгдэхүүнээ өндөр ханшаар зарах хэлцлийг урьдчилан хийх замаар үнийн эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авдаг байна. Тодруулбал, Зэсийн үнэ өнөөдөр 9652 ам.долларын ханштай байлаа гэж бодоход ирээдүйн бүтэн жилийн олборлолтоо уг үнээр бор­­луу­лах хэлцэл хийж болно гэ­сэн үг гэнэ. Ингэсэн тохиолдолд бүтээгдэхүүнээ зарахдаа зах зээлийн үнэ  өмнө то­хирсноос доош орсон то­хиолдолд то­хирсон ханшийг сон­гож, өссөн бол ту­хайн үеийн ханшаар нь борлуулах бо­ломжтой байдаг аж. Зөвхөн энэ бус даатгалын суурь зар­чимд үндэслэсэн олон арга байдаг бололтой.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж