Амартүвшингийн дараагийн тэмцээн

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Амартүвшингийн дараагийн тэмцээн

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин ирэх сард бас нэгэн томоохон тэмцээнд оролцоно. Наймдугаар сарын 16-26-нд Норвегийн Осло хотноо болох хатан хаан Сонягийн нэрэмжит олон улсын уралдаанд залуу дуучин маань оролцохоор шалгараад байгаа.


43 орны 200 гаруй дуучнаас 21 орны 52 дуучин тэмцээнд өрсөлдөхөөр урьдчилан шалгаруулалтад тэнцжээ. Шалгарсан 52 дуучны 18 нь эрэгтэй. АНУ, Канад, Польш, БНСУ, Бельги, Хятад, Норвеги, ХБНГУ зэрэг олон орноос дуучид оролцоно. Уралдааны тэргүүн байрын эзэн 20 мянган еврогийн шагнал хүртэнэ. Мөн Норвегийн Дуурь, Бүжгийн театр нэг оролцогчийг сонгон гурав хүртэлх жилийн гэрээтэй хамтарч ажиллана.


Хатан хаан Сонягийн нэрэмжит энэхүү уралдаан нь жил бүр Осло хотноо болдог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцох авьяаслаг залуу дуучдыг дэмжих зорилготой. Тэмцээндээ амжилттай оролцон, монгол түмний чихэнд бас нэгэн баярт мэдээг дуулгах болтугай хэмээн Амартүвшиндээ хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж