
Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль хүртэгсдийн дунд 90 жилийн ойгоо тэмдэглэж буй спортынхон жин дарсан билээ. Энэ үеэр цорын ганц Хөдөлмөрийн баатар төрсөн нь спортын салбарынх, Монголын жүдогийн нэгэн домог гэж хэлж болохуйц нэрт дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох байв. Түүний талаар нуршуу тайлбар бараг хэрэггүй биз, ард түмэн түүнийг мэдэх хойно. Эверестийн оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулсан, хатан зоригт уулчин бүсгүй Бадамгаравын Гангаамаа, Азийн дөрвөн удаагийн аварга, олон улсын их мастер даамчин Дөлийн Эрдэнэбилэг нар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн бол Өмнөговь аймгийн БТСГ-ын дарга, хөнгөн атлетикийн дасгалжуулагч С.Түвшинбаяр, Монголын Төмөр замын “Замчин” спорт хорооны дарга, волейболын дасгалжуулагч Ж.Даахүү нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын шагайн харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Басхүү Монгол Улсын соёлын гавьяаны зүтгэлтэн цолоор тус тус шагнуулсан юм. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БТСГ-ын хэлтсийн дарга Ж.Тунгалаг, Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн О.Баянмөнх, Спортын төв ордны ерөнхий инженер А.Мянганбаяр нарыг, Алтан гадас одонгоор сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б.Дамба, БТСГ-ын хэлтсийн дарга Д.Сүх-Очир, М.Саранчимэг, БТСГ-ын архив-бичиг хэргийн эрхлэгч Х.Ганхуяг, спортын ахмад эмч Н.Тарваа, спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал, Буянт-Ухаа спорт цогцолборын албаны дарга Г.Баттөр, цанын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдэлгэр, Спортын барилга байгууламжийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Владимир нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар БТСГ-ын ажилтан Ц.Аваргабаатар, Ж.Баасансүрэн, Л.Баянмөнх, Х.Отгонбаатар, Г.Оюунчимэг, Ч.Туул, Д.Эрдэнэсүрэн, Ч.Эрдэнэтуяа болон “Астана-Алматы-2011” Азийн өвлийн спортын VII наадмаас цанын зүг чиг олох төрөлд хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг шагнасан байна.
Б.ЦагаанбаатарЗохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин