Үндэсний компаниудаа золиосолсоор байх уу

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Үндэсний компаниудаа золиосолсоор байх уу

1960-аад он. Өмнөд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байв. Тухайн үед тус улс жилд 32 сая 830 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 343 сая 530 мянган ам.долларын бүтээгдэхүүн импортолсон байдаг аж. Хоёр Солонгос гал зогсоох түр гэрээг байгуулаад төдий л удаагүй, хүн ардынх нь амьдрал нэн ядуу, хот тосгод нь дайны хөлд сүйтгэгдсэн тэр цагт Ерөнхийлөгч Пак Жөн Хи чухам юу гэж хэлсэн байдаг гээч. Тэрбээр Сөүлийн их сургуулийн захиралд “Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Бидний үеийнхний хөлсөө урсгаж, бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү” хэмээн хэлсэн билээ.
Энэ бол Азийн таван барын нэг Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийн эхэн үед болсон явдал. Ийнхүү БНСУ-ын Ерөнхийлөгч улс орноо хөгжил тийш хүргэх “залуурч” нь болж, үндэсний компаниуд нь тансаг улсыг цогцлоохын төлөө хагас зуун жил цөхрөлтгүй хөдөлмөрлөсөн юм. Үүний үр дүнд “Самсунг”, “Хьюндай” корпорациудыг үүсгэн байгуулагчид Өмнөд Солонгосын түүхнээ “Баатрууд” хэмээн мөнхөрч, улс орон нь хүчирхэгжсэн түүхтэй.

Харин Монголд. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүхий нийгмээс зах зээлийн тогтолцоонд шилжсэн манай улсын үндэсний компаниудын хувьд гарааны нөхцөл нь яг ижилхэн байсан гэхэд болно. Бүгд л бүхнийг тэгээс эхэлж, арилжааны банкуудаас зээл авч, эрсдэлтэй замыг туулцгаан хөл дээрээ тогтоцгоосон. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын татварын орлого өсч, төсвийн сан арвижин олон мянган хүн ажлын байртай болцгоосон нь маргашгүй үнэн. Мэдээж хэрэг, үндэсний компаниудыг үүсгэн байгуулагчид цөм л сайн сайхан ирээдүйн төлөө зүтгэж, шинэ зууны Монголын өнгө төрхийг тодорхойлолцсоор байгаа юм. Харамсалтай нь сүүлийн үед ашиг хонжоо хайгч зарим нь тэдэнд тээг болж, улс төрийн бүлэглэлүүд увайгүй санаархлаар халдах нь энүүхэнд болжээ. Үүнийг гэрчлэх хамгийн наад захын жишээ гэвэл, үндэсний бүтээн байгуулагч “Алтай констракшн”-тай холбоотой мэдээлэл. Тус компанийн тухайд, барилгын салбарт анхдагчдын нэг, “Барилгын салбарын ТОП аж ахуйн нэгж”-үүдийн нэг юм. Тиймээс ч “Иргэдийн сэтгэлд нийцсэн чанартай барилга барьдаг” хэмээн олны талархлыг хүлээдэг биз. Гэвч тэдний эсрэг мөнөөх “Тамын тогооны үлгэр”-ийг үргэлжлүүлэгч хэсэг нөхөд хөдөлцгөөж, Хан-Уул дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлыг зогсооход хүргэлээ. Учир нь нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-нд 054 тоот захирамж гаргаж, орон сууц барих газрын зөвшөөрөл олгосон юм байна. “Алтай констракшн” компанийнхан хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж, тэр хавийнхаа элэгдэж, хуучирсан цэвэр усны шугамыг солин багагүй хөрөнгө зарцуулжээ. Гэтэл албан тушаалтнуудад үйлчилж, ашиг хонжоо хайгч зарим хүн цөөн тооны иргэдийг турхирч, компанийн өмчид бүдүүлгээр халдсан аж. Өнгөрсөн хавар болсон энэхүү хэрэг явдлын үеэр нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Та бүхэн хоорондоо ойлголц” гэсэн боловч өөрийнхөө гарын үсэгтэй дээрх захирамжийг энэ оны тавдугаар сард цуцалсан байх юм. “Алтай цогцолбор” төслийг хэрэгжүүлэх ажил ийн саатав. Гэвч төслийн үр дүнг чухам хэн хамгаас илүү мэдрэх боломжтой вэ. Залуус. Тийм ээ, “Алтай констракшн”-ыхан тэдэнд зориулан бүтээн байгуулалт өрнүүлж, орон сууцны урт хугацааны зээлд хамруулахаар төлөвлөсөн байсан юм. Улмаар цэцэрлэгт хүрээлэнтэй, орчны тохижилтыг нь бүрэн шийдсэн хотхон 2015 онд Хан-Уулд сүндэрлэж, залуус өөрсдийн гэсэн тохилог орон сууцтай болох байлаа. Харамсалтай нь увайгүй хүмүүсийн балгаар энэ ажил зогсоход хүрлээ. Гэлээ гээд Монголын бүтээн байгуулалтын түүхийг бичилцэж, шилжилтийн хүнд хэцүү үед гол ачааг үүрэлцэж явсан “Алтай констракшн” компанийнхан хохирч үлдэх гэж үү. Тэднийг ашиг сонирхлын бүлэглэлүүдийн болчимгүй үйлдлийн золиос болгох уу. Хамгийн гол нь хэн хамгаас их хохирол амсах билээ. Мэдээж хэрэг, ард түмний нэгээхэн хэсэг энэ бүхний горыг амсах болно. Мэргэшиж, цалинжиж, ар гэрийнхээ амьжиргааг залгуулж яваа тэд л хохирч үлдэнэ гэсэн үг. Уг нь “Маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэсэн өөдрөг утгатай үг байдаг даа. Тиймээс үндэсний бүтээн байгуулагч компаниудаараа “Алимны мод” тариулах эсэх нь төрөөс шалтгаалаад байна. Аль эсвэл тэднийг золиосолсоор байх уу.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж