
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад … гэж хундага тулгах бүртээ уншаад омогшин асдаг, тэгээд хэдэн цагаар ч хамаагүй шүлэг хэлдэг Дорнодын буриад сэтгүүлч найзаа өдий олон жилийн дараа Ононы эрэгт, түүдгийн дэргэд үгүйлэхийн чинээ санасангүй явлаа. Түүнийг залгуулж аваад
…Дураар задгай амьдралын минь
Дундуур дүүрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа, миний буриад… гээд амьсгаа татан хөнтөрч орхидог буриадхан баавай Алтангэрэл ахыгаа ч дурсан хөглөгдөж нулимс унагаж үзлээ.
Амьдралын энэ олон нугачааны нэгээхэн хэсэгт арилшгүй мөрөө үлдээсэн одтой залуу насны минь дурсгалт өдрүүд Ононы хөвөөнд амилан шүүрс алдуулж байх юм. Амьдрал гэдэг мөн сонин оо. Арван тавны дугуй сар цагаан гэрлээ асгаруулж одод түгсэн шөнийн тэнгэр дор халхын ёсоор найралж ядсан ширээнд урилгагүй зочилсон Батхуяг хэмээх буриад эр бидэнд хөгжөөн нэмлээ. Мэдэхээсээ мэдэхгүй нь олон буриад дуугаар түрлэг өргөж, буриадаар ярьж, бас дээр нь Чойномын найраглалаас иш татан сэтгэлийн хөөрлийг нэгмөсөн дээд цэгт хүргэж орхилоо. “Алив халх ахан дүүс босохтий. Ононы хөвөөнд ёохор хатирнавш” гээд үнэнээр нь хэлбэл толгой эргэтэл, дэгсдүүлж жаахан “давсалвал” газар хотолзтол хатирч өгсөн дөө. Олон жилийн өмнөөс түүхийг нь уншиж, бусдын амнаас сонсож асан буриадуудтай хамт Онон мөрний эрэг дээр тэргэл сарны гэгээнд ёохор хатирна гэдэг амьдралын хуудсанд хөг нэмсэн сайхан дурсамж болж үлдэх нь маргаангүй ээ. Түүний яриагаар бол Р.Чойномоос илүү найрагч үгүй, Чингис хаанаас өөр баатар үгүй гэнэм. Тийм бол тэр хоёр буриад гаралтай ч байж мэднэш бас. Нээрээ ч тийм дээ. Хан Хэнтийн буриад сум Дадалд төрж өсөөд, Биндэр, Дадал, Батширээтээр багтаж ядан амьдарч, нутгаараа, хэлээрээ аархаж буй тэрбээр энэ хоёр их хүнээр иш татан агсамнахад ер нь яадгийм. Буриад байтугай нь Чингис, Р.Чойномоор бардамнаж дэлхийн чих дүлийртэл хашгирч байхад яагаад болохгүй гэж. Төрж өссөн нутагтаа дасаж сурсан амьдралдаа ташуурсан ах хүү маань мөдхөн тэгээд бусад буриадуудтайгаа нанчилдаад сураг тасарсан. “Нанчилдаангүй найрыг ямар найр гээшивнээ” гэдэг зоны ямар ч будаг шунх, худал хуурмаг гоёчилсон магтаалгүй амьдралын нэгээхэн хэсгийг бараг 3D гээр хараад ирсэн маньд бол ховорхон тохиох аз биз ээ. За тэгээд эзэн Чингисийн хүй цөглөсөн нутагт
…Тэмүүжин Хасар хоёрын тоглож өссөн нутаг
Дэлүүн болдгийг ороосон
Ононгийн гол ширгээгүй
Дээдэс хаадаа хүндэлсэн
Монгол түмэн устаагүй… гэх тэртээ социализмын хаалттай он жилүүдэд Р.Чойномын шүлгэлсэн шүлгийн мөр бадгууд өөрийн эрхгүй бодогдоод байх юм билээ. Тэмүүжин, Жамух хоёрын Мэргэдийг сөнөөж Бөртэ хатныг суллан аваад гурав дахь удаагаа анд барилдсан гэх домогт Хорхунагийн хөндийгээр дайрч өнгөрлөө. Хойхнуур нь ороон урсах Онон мөрний мөсөн дээр шагай тоглож байгаа зээрийн шагай солилцон анд болсон нөхөд гурав дахь удаагаа энд андын тангараг тавьсан атлаа энэ л хөндийгөөс хожмын их өс өвөрлөн салж мордон сэтгэл алсарсан гэдэг. Хорхунагийн хөндийд жаргаж буй нарны доогуур дуниартан сүүмийж байхыг харж зогсоход юу эс бодогдох аж. Андын тангарагыг энд тавьж, бас агуу нөхөрлөлийг энд үгүй хийж болдог юм уу гэсэн бодол эргэж хургана. Нэг нь дэлхийн түүхэнд мянганы хүнээр тодрон үлдэж, нөгөө нь Монголын түүхэнд Гүр хаанаараа мөнхөрч, хоёулаа агуу нөхөрлөл агуу дайсагналын домог болон дуурсагдах хувьтай тэдний түүхээс дурсалгүй өнгөрч үл чадлаа. Ай, Хорхунагийн хөндий чи найман зуун гучаад жилийн өмнөх ямархан нууцыг хадгалан юу ч болоогүй мэт дүнсийнэ вэ. Жаргаж буй нарны доогуур үл мэдэг инээмсэглэл шиг газар тэнгэрийн өнгөндөө уусан алсарсан их тал баяртай. Их хааны нутаг баяртай. Их найрагчийн шүлгээ бичиж уншиж, бас унаж босож, Биндэр, Дадал, Батширээтийн бяцхан буриад хөвгүүдтэй Хэнтий нутгийн дошин дээр хэмх нүдэлдэж явсан түүний залуу нас баяртай. Буриадын нутгаар явахад замын хань болж сэтгэлд шүүрс алдуулан энэхүү нийтлэлийг бичүүлж дөнгөсөн “Буриад” найраглал бүр ч их мандутгай.
"Улс төрийн тойм" сонин
