“Алтан Дорнод” ажлаа эхлэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

“Алтан Дорнод” ажлаа эхлэхийг хүсч байна

“Алтан Дорнод Монгол” компанийн ард ганц С.В.Паушок биш хэдэн зуун монгол ажилчид байдгийг сануулж, тэдний эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулагдаад удаж байна. Төв аймгийн Заамар сумын голдуу тэдгээр ажилчид сүүлийн хоёр жил ажилгүй, орлогогүй сул зогсч буй юм. Тэдний хүсэн хүлээж буй зүйл нь компанийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр цуцлагдаж, ажиллах боломж нээгдээсэй гэсэн хүсэл юм.

Одоогоос хоёр жилийн өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушокийг татвараас зайлсхийсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхлэх үед компанийн үйл ажиллагааг зогсоосон юм. Монгол ажилчид энэ үеэс хойш ажлын байраа сахин хэрэг хаашаа эргэхийг хүлээжээ. Харин энэ тавдугаар сард С.В.Паушокт үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр гарч, улмаар монгол удирдлагын багт компани шилжсэн тул уурхайн үйл ажиллагаа удахгүй эхлэх юм байна гэж ажилчид найдсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан битүүмжилсэн тоног, хэрэгслийг нь өнөөг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Ажилчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны удирдлагууд болон Үйлдвэрчний хорооны төлөөлөл ХЗДХЯ, ШШГЕГ гээд холбогдох байгууллагаар явж, компанийн үйл ажиллагааг яагаад эхлүүлэхгүй байгааг асууж тодруулжээ. ХЗДХЯ болохоор ШШГЕГ л мэднэ гэдэг, харин нөгөөдүүл нь болохоор тоймтой зүйл хэлэхгүй байгаа аж.

Монгол хүн яагаад ажил хийж, ашиг орлого олж болдоггүй юм бэ гэсэн асуултад л Ажилчдын эрх ашгийг хамгаалах түр хорооныхон хариулт авахыг хүсч байгаа юм. “Компани нь өр ширтэй бол түүнийг төлөхийн тулд үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох ёстой. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоочихоод татварын өрөнд нь хүү алданги тооцоод байхаар яаж үүнийгээ төлөх вэ. Бид сүүлийн хоёр жил албаны хүмүүстэй уулзаж явсаар нэг л ойлголтод хүрлээ. Үнэндээ “Алтан Дорнод Монгол” компанийн үйл ажиллагааг хааж, хүнд байдал руу түлхсээр дампууруулах сонирхол л үйлчлээд байгаа бололтой” гэж Үйлдвэрчний хорооны тэргүүн н.Хорлоо ярьж байна. Тэд асуудлыг дэвэргэхийг зориогүй гэдгээ ч хэлж байна. Захирлыг нь хуулийн байгууллага шалгалаа гэхэд үүнээс болоод компанийн үйл ажиллагааг зогсоосон нь монгол ажилчдын эрх ашгийг хөндсөн гэж үзсэн учраас албаны хүмүүст хандаж байгаа аж. Гэвч тэдний эрх ашгийг бодолцсон нааштай шийдвэр сонсолгүй өдий хүрээд байна.

Уг нь прокурор “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокт үүсгэсэн хэргийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохдоо эд хөрөнгийг нь битүүмжилсэн тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгосон юм. Мөн тус компанийн зүгээс татварын өрийг тодорхой графикийн дагуу төлж барагдуулахаар Татварын ерөнхий газартай харилцан ойлголцоод буй аж. Иймд одоо үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлдвэрлэлээ явуулах л хамгаас чухал асуудал болжээ. Гэвч прокурорын шийдвэрээр эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол шийдвэрүүд цуцлагдаад байгаа ч ШШГЕГ лацдаж битүүмжилсэн зүйлсийг чөлөөлөөгүй л байна. Битүүмжилсэн эд зүйлст уурхайн тоног төхөөрөмж, машин техникүүд багтаж буй. Техник, тоног төхөөрөмжийг удаан хугацаагаар ашиглахгүй сул зогсоох тохиолдолд аюулгүй ажиллагааны горимын дагуу урьдчилан бэлтгэх, арчлах ёстой аж. Энэ горимыг мөрдөлгүйгээр шууд лацадсан техник, хэрэгсэлдээ санаа зовж байгаагаа “Алтан Дорнод Монгол”-ын ажилчид ярьж байна. Мөн уурхайн олборлолт ид явагддаг зуны улирлыг үр ашиггүй алдаж байгаадаа ч харамч буй аж. Тус компани энэ жил Заамар суман дахь Ар наймган, Бага хайлааст дахь лицензит талбайдаа олборлолт явуулахаар уулын ажлын төлөвлөгөө гаргасан ч Ашигт малтмалын газар батлахаас татгалзсан гэж тус компанийн Үйлдвэр хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу хэллээ. Тэдний уулын ажлын төлөвлөгөөг батлах эсэх асуудал ХЗДХЯ-наас хамаарна гэсэн тайлбарыг Ашигт малтмалын газар өгчээ. Уг нь “Алтан Дорнод Монгол” компанийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хууль зүйн талаас хориглох үндэслэл байхгүй гэж компанийн өнөөгийн удирдлагууд үзэж буй.

“Алтан Дорнод Монгол” компани сүүлийн гурван жил дуулианд холбогдсон ч асуудлууд хууль, шүүхийн хүрээнд шийдвэрлэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок татвараас санаатай зайлсхийгээгүй нь ч тогтоогдсон, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх шийдвэр тогтоол ч гарсан. Түүнчлэн С.В.Паушок өөрийн орны хүнийг томилж, нэг талаар “Алтан Дорнод Монгол” компани үйл ажиллагаагаа эхлүүлэх бүх боломж бүрджээ. Харин үйл ажиллагааг нь өнөөдрийг хүртэл зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь юу болохыг тус компанийн удирдлагууд ойлгохгүй байна. 

 Х.Ашид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж